Ахмад, залуу үеийнхэн үсгийн урлагийн талаар хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khandmaa@montsame.gov.mn
2024-11-06 23:55:09

Улаанбаатар 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг 2024” олон улсын үзэсгэлэнгийн хүрээнд монгол үсгийн урлагийн талаар үсгийн урлагийн ахмад болон залуу үеийн нэрт төлөөлөгчид хэлэлцэнэ. Тус хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас МУИС-ийн 1-р байрны дугуй танхимд 11-р сарын 8-ны 15:00 цагт зохион байгуулахаар товложээ.

Монгол бахархлын өдөр буюу суут богд Чингис хааны түмэн өлзий гийсний 862 жилийн ойн өдөр “Мөнх тэнгэрийн бичиг-2024” үзэсгэлэнг Монголын Хүүхдийн Урлан бүтээх төвд ёслол төгөлдөр нээсэн билээ.  

 

Монгол уран бичлэг, үсгийн урлагийн хөгжил, чиг хандлагыг илтгэж байдаг Мөнх тэнгэрийн бичиг-2024” үзэсгэлэнг нээх үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, "Үндэсний бичгээ дээдлэн сурах, эзэмших хүсэл сонирхолтой хүүхэд залуус олширсон нь жил жилийн үзэсгэлэнгээс тод харагддаг. Тиймээс монгол бичгийн үсгийн урлагийн талаар буюу уран бичээч, каллиграфийн их мастеруудын залгамж халааг хэрхэн бэлдэх, дараа дараагийн үзэсгэлэнг үлэмж төгөлдөржүүлэхэд юуг анхаарах зэрэг онц чухал асуудлын хүрээнд үсгийн урлагийн мэргэжилтнүүд хэлэлцүүлэг өрнүүлэх гэж буйгаараа өнөө жилийн үзэсгэлэн онцлог болж байна" хэмээж байсан юм.   

 

Монголын үсгийн урлагийн сүүлийн хагас зуун жилийн түүхэнд анхны тохиолдол болж буй тус хэлэлцүүлэгт Ардын зураач, төрийн шагналт Ш.Чимэддорж, Төрийн соёрхолт барималч Л.БолдМонголын Урчуудын Эвлэлийн Хорооны хотын салбарын ахлагч асан УГЗ Д.Гунгаа, Хэвлэлийн нэгдсэн редакцийн уран сайхны редактор асан П.Төмөрпүрэв, МУЭ-ийн графикийн нэгдлийн тэргүүлэгч З.Уянга, Урлаг судлалын ухааны доктор Ч.Болдбаатар, УГЗ зураач С.Дагвадорж тэргүүтэн ахмад үеийн үсгийн урлагийн мэргэжилтнүүд төдийгүй Дүрслэх урлагийн академийн багш, урлаг судлаач, доктор Б.Баяртөр, Д.Батбаяр, Т.Жамьянсүрэн зэрэг өнөө цагийн үсгийн урлагийн мастерууд болон их, дээд сургуулиудын багш, оюутнууд оролцох ажээ. 


Хэлэлцүүлгийг чиглүүлэх гурван илтгэлийн хүрээнд өрнүүлэх бөгөөд Монголын Хүүхдийн Ордоны багш, каллиграфийн мастер, Жалайр Д.Батбаяр "БНМАУ-ын Дүрслэх урлагийн байгууллага нийгэмдээ үсгийн урлагаар хэрхэн үйлчилж байсан бэ", ШУТИС-ийн ҮТС-ийн захирал, доктор , дэд профессор Ц.Батсайхан “Дизайны сургалт ба үсгийн урлаг”, каллиграфийн мастер, Онолт Т.Жамьянсүрэн “Үсгийн урлагийн мэдлэг, ур зүй” сэдвээр илтгэл хэлэлцүүлэх ажээ.


Үсгийн урлаг судлал манай улсад хэрхэн хөгжиж байсан түүхээс каллиграфийн их мастер, зураач Т.Жамьянсүрэнгээс тодруулахад,Манай улс цахим төхөөрөмжүүдтэй золгох хүртэлх түүхэндээ хэвлэх үйлдвэрийн хүчин чадлаас давсан бүх зүйлийг гараар үйлдэж байсан тул зураач урчуудаас гадна олон нийтийн үсгийн урлагийн мэдлэг, чадвар чамлахааргүй түвшинд байсан юм. Хэдийгээр мэргэжлийн боловсон хүчин цөөн байсан ч ажлын туршлагаар чадваржсан олон мэргэжилтэн төрж гарсан түүхтэй. Харин өдгөө компьютер, олон янзын хэвлэх машин, цахим орчин зэрэг нь хэвлэн нийтлэх хязгааргүй боломжийг бий болгосон тул мэргэжлийн дизайнераас гадна бүх нийтээрээ үсгийн урлагийн зохих түвшний мэдлэгтэй байх нь онц чухал болж байгаа юм. Үүнийг манай үе үеийн мэргэжилтнүүд болон шат шатны урлагийн боловсролын байгууллагууд анхаарч уг асуудлыг хэлэлцэхээр болж байгаа нь үнэхээр сайшаалтай. Монгол бичгийн төдийгүй, латин, кирилл үсгийн урлагийн тухай өргөн хүрээнд авч үзэхээр төлөвлөж буйгаараа тус хэлэлцүүлэг онцлог гэж хэлж болно” хэмээсэн юм.


2011 оноос зохион байгуулж буй “Мөнх тэнгэрийн бичиг 2024” үзэсгэлэнг энэ сарын 16-ныг хүртэл Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвд олны хүртээл болгох юм. 


“Мөнх тэнгэрийн бичиг 2024” үзэсгэлэнгийн бүтээлүүдээс



Холбоотой мэдээ