ДАРХАН-УУЛ: Орон нутагт анх удаа 1500 хүүхдийн багтаамжтай сургууль барьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Дархан сумын 14 дүгээр багийн нутаг парк таун хотхонд 1500 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын ажил үргэлжилж байна. Уг барилгын ажлын явцтай аймгийн засаг дарга орлогч Б.Жавхлан, ИТХ-ын төлөөлөгчид, ХОХБТХ-ийн дарга, мэргэжилтнүүд танилцлаа.
Улсын төсвийн 24.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай уг сургуулийн барилгын ерөнхий гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын барилга угсралтын “Болд” ХХК ажиллаж байна. 1500 хүүхдийн багтаамжтай сургууль улсын хэмжээнд хоёр байдаг бол орон нутаг, Дархан хотод анх удаа барьж буй нь энэ юм.
Хамгийн олон хүүхэд сурах боломжтой уг сургуулийн барилгаас өмнө энэ хичээлийн жилд 960 хүүхдийн багтаамжтай эко сургууль Дархан хотод ашиглалтад орсон.
Уг сургууль зураг төсөвт 10700 м.кв талбайтай, нийт таван хэсгээс бүрдэх бөгөөд хоёр спорт, нэг урлаг заалтай, анги танхимаас бүрдсэн байна.
Гэрээнд заасан хугацаа 2024-2026 онд барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр тусгагдсан хэдий ч хугацаанаас өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэж гүйцэтгэгч компанийн ерөнхий инженер П.Нямдаваа онцолж байна.
Өнөөдрийн байдлаар Д хэсгийн суурь дуусаж, зоорийн давхрын цутгалт хийж дуусахаар ажиллаж байна. Үүнээс гадна энэ жилдээ багтаан дэд бүтцийн ажил болох цэвэр, бохир ус, дулаан татах ажлыг дуусгах зорилготой гэж мэдэгдлээ. Эрчим хүч, цахилгааны ажил дууссан байна.
Тус сургууль ашиглалтад орсноор ажлын байр нэмэгдэх, тухайн багт үйл ажиллагаа явуулдаг Од сургуулийн ачаалал буурах юм. Өнөөдрийн байдлаар Од сургууль нь гурван хичээлийн байранд хоёр ээлжээр 5000 гаруй хүүхэд суралцаж байна.