Кенийн тамирчин марафон гүйлтийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТЧИКАГО, 2024 оны аравдугаар сарын 14 /DW/. Кенийн тамирчин Рут Чепнгетич 10 дугаар сарын 13-ны ням гарагт болсон Чикагогийн марафонд түрүүлж, эмэгтэйчүүдийн төрөлд дэлхийн дээд амжилтыг 2 цаг 9 минут 56 секундээр шинэчлэн тогтоолоо.
Өдгөө 30 настай тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард Берлиний марафонд Этиопын гүйгч Тигист Ассефагийн тогтоосон өмнөх дээд амжилтыг нэг минут 56 секундээр ахиулжээ.
Чепнгетич бол 2019 оны дэлхийн марафон гүйлтийн аварга юм. Үүнээс гадна, тэрбээр 2021 оны дөрөвдүгээр сард Истанбул хотноо болсон хагас марафон гүйлтийн зайг 1 цаг 4 минут 2 секундийн хугацаанд туулж, дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.
Энэ удаагийн Чикагогийн марафонд оролцогчид жилийн өмнө энэхүү марафонд 2 цаг 35 секундийн хугацаагаар дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоосон Келвин Киптумд хүндэтгэл үзүүлжээ. Тамирчин энэ оны хоёрдугаар сард 24 настайдаа автомашины ослоор нас барсан юм. Гүйгчид марафон эхлэхийн өмнө түүний дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугүй зогсжээ.
Марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн төрөлд Кени улсын хөнгөн атлетикийн тамирчин Жон Корир түрүүлсэн байна.