“Supep Fashion-2017" тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Дархан хот байгуулагдсаны 55 жилийн угтаж ЗДТГ-аас соёл урлаг, спорт, нийтийг хамарсан олон ажлыг зохион байгуулсны нэг “Supep Fashion-2017" шилдэг загвар өмсөгч, шилдэг фото модель шалгаруулах тэмцээн болж өнгөрөв.
Уг тэмцээний нээлтэд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат оролцож хүүхэд залуучуудынхаа боловсрол, соёл урлаг, спорт, гоо зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн олон ажлуудыг амжилттай хийж ирснийг онцлов.
Тэмцээнийг аймгийн ЗДТГ-аас санаачилж тус аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны дэргэдэх “Монгол-2” загварын агентлагтай хамтарч зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд ЕБС-ийн сурагчид, их, дээд сургуулиудын оюутан залуус оролцож, хүүхэд, залууст гоо зүйн боловсрол олгож цаашид Дархан хотынхоо төдийгүй эх орныхоо нэрийг олон улсад сурталчлах зорилго тавьжээ. Тэмцээний ерөнхий шүүгчээр “Андра” загварын агентлагийн захирал, топ модель Х.Бадамгэрэл ажилласан бол ивээн тэтгэгчээр “Шарын гол” ХК оролцов. Урьд өмнө нь тус аймгаас Монгол Улсын гоо бүсгүй дөрөв, мэргэжлийн есөн модель төрж гарсан байна.
Б.Норовсамбуу