ДАРХАН-УУЛ: Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ-үүдэд тоног, төхөөрөмж хүлээлгэн өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн ИТХ-аас баталсан “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийг үе шаттай нийлүүлж байна. Энэ жилийн эрүүл мэндийн байгууллагуудын санал, хүсэлтийг үндэслэн улсын төсвийн нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар авсан тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Эмэгтэйчүүдийн дурангийн хагалгааны аппарат, эхо аппарат, сэргээн засах тоног төхөөрөмжүүдийг Өрхийн эрүүл мэндийн төвүүд болон Нэгдсэн эмнэлэг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвд хүлээлгэн өгч байна.
ӨЭМТ, Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудад аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон холбогдох албаны төлөөлөл гардуулж, хүн ардынхаа эрүүл энхийн манаанд ажиллаж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудад амжилт хүсэв.
Дээрх тоног төхөөрөмжүүдийг нийлүүлснээр орон нутагт хийх боломжгүй зөвхөн Улаанбаатар хотод хийдэг зарим үзлэг, шинжилгээнүүдийг Дархан хотдоо хийх боломж бүрдэж байна гэж аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Мөнхбат онцоллоо. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй орон нутагтаа хүргэх боломжтой болсноор үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэж үйл ажиллагаа өргөжиж байна гэв.
Тухайлбал төрөх тасагт эмэгтэйчүүдийн дурангийн хагалгааны аппараттай болсон нь цаг хугацаа хэмнэх, хагалгааг орон нутагтаа хийх боломж бүрдэж, умайн хоргүй хавдрыг авах, өндгөвчний өвчин үүсгэгчийг эмчлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрт эмчлэх боломжийг бүрдүүлж байна гэж Нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Г.Отгонбямба онцолж байна.
Цаашид ӨЭМТ-үүдийг нэгдсэн эмнэлэгт хийж буй үзлэг, шинжилгээг хийдэг
болгох, Нэгдсэн эмнэлгийн шинжилгээний төрөл, тоог нэмэгдүүлэхэд анхаарч, шаардлагатай төсвийг аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэх зарчмаар шийдвэрлэнэ. Ялангуяа
Дархан хотод хийх боломжгүй шинжилгээг нэвтрүүлэхэд анхаарч тухайн тоног
төхөөрөмжийг нийлүүлэх, тэр дундаа үе мөчний өвчнийг оношлох төхөөрөмж авах
хэрэгцээ шаардлага байгааг эрүүл мэндийн салбарынхан хэлж байна. Тиймээс аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд танилцуулж төсөвт тодотгол хийх зарчмаар
шийдвэрлэнэ гэж аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдэгдлээ.