Венецийн кино наадмын дээд шагналыг П.Альмодовар хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2024-09-08 11:54:46

РОМ, 2024 оны есдүгээр сарын 8 /DW/. Испанийн кино найруулагч Педро Альмодовар “The Room Next Door” бүтээлээрээ Венецийн олон улсын кино наадмын дээд шагнал “Алтан арслан”-г бямба гарагт хүртлээ.


Энэхүү киног энэ долоо хоногийн эхээр Венецийн кино наадмын хүрээнд анх удаа олон нийтийн хүртээл болгох үед үзэгчид 18 минутын турш алга ташин баяр хүргэжээ.


Өдгөө 74 настай П.Альмодовар испани хэл дээрх кинонуудаараа 2019 онд Венецийн кино наадмын хүндэт шагналын эзэн болж байсан юм. Мөн 1999 онд “All About My Mother” киногоороо “Шилдэг гадаад хэл дээрх бүтээл” төрөлд Оскарын шагнал хүртсэн билээ.


“The Room Next Door” бол эвтанази болон уур амьсгалын өөрчлөлтийн тухай өгүүлэх, П.Альмодоварын англи хэл дээрх анхны бүтээл юм. Шагналаа гардан авсныхаа дараа П.Альмодовар “Эвтаназийг улс төр, шашин шүтлэгээр хааж боож болохгүй, энэ хорвоог цэвэр ариун, нэр төртэйгээр үдэх нь хүн бүрийн үндсэн эрх гэдэгт би итгэдэг” гэж хэлжээ. Мөн тэрбээр кинонд тоглосон Тильда Свинтон, Жулианна Мур нарт талархал илэрхийлэв.


“Алтан арслан” шагналын дэд байр гэгддэг Шүүгчдийн дээд шагналыг Италийн найруулагч Маура Делперо Дэлхийн II дайны үеийн талаар өгүүлэх “Vermiglio киногоороо хүртлээ. Харин Австралийн жүжигчин Николь Кидман “Babygirl” кинонд бүтээсэн дүрээрээ “Гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин”-ээр шалгарсан бол шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг Францын жүжигчин Винсент Линдон /The Quiet Son/ гардан авчээ. “Шилдэг найруулагч”-ийн шагналыг Америкийн найруулагч Брэди Корбет “The Brutalist” киногоороо хүртсэн байна.

Холбоотой мэдээ