ЗАВХАН: Энэ жил 4 сумын цахилгаан хангамжийг сайжруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024 оны наймдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Завхан
аймгийн эрчим хүчний салбарт “Байцаагч” аппликэйшн нэвтрүүлснээр үйлчилгээний
шуурхай байдлыг бий болгожээ.
“Байцаагч” аппликэйшн нэвтэрснээр байцаагч нар болон операторуудын ажлыг илүү шуурхай болгож хялбарчилж өгсөн. Өмнө нь хэрэглэгчийн заалтыг цаасан дээр бичин авч, дараа нь операторууд мэдээллийн санд оруулдаг байсан бол энэ апп-ыг нэвтрүүлснээр байцаагч нар бичилтийн мэдээллийг шууд оруулах, хэрэглэгчдийн мэдээллийг гар утаснаасаа харах зэрэг давуу талуудыг бий болгосон.
Мөн “Bill Center” хэрэглэгчийн
аппликэйшныг ашиглаж эхэлсэн бөгөөд хэрэглэгчид заавал банк орох эсвэл байгууллага дээр ирэх шаардлагагүй болсон. Хэрэглэгчийн апп-ыг ашиглаж өөрийн
мэдээллийг харах, хянах, хэрэглээний төлбөрөө төлөх, и-баримтаа шууд авах зэрэг
боломжтой болсон юм.
Манайх
эрчим хүчний үйлчилгээг нийт 11000 гаруй хэрэглэгчид хүргэж, цахилгаан эрчим
хүчийг борлуулж жилд дунджаар 4,8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлдэг.
Өнгөрсөн онд Тэс, Сантмаргац, Нөмрөг, Отгон, Цагаанхайрхан, Тосонцэнгэл сумын хүчдэлийн уналттай байгаа айл өрхийн цахилгаан хангамжийг сайжруулах, хэсэгчилсэн засварыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн.
Дэлхийн банкны төсөл, төлөвлөгөөт ажлын хүрээнд Идэр, Цагаанчулуут, Сонгино, Цэцэн-Уул сумын 0,4 кВ-ын айл өрхийн хүчдэлийн уналттай байгаа хэсэгт цахилгаан хангамжийг сайжруулах ажлыг хийсэн байна.
Энэ онд Эрчим хүчний сайдын багцаас 4 суманд нэмэлтээр
цахилгаан хангамж сайжруулах зураг төсөв хийсний дагуу 0,4 кВ-ын цахилгаан
дамжуулах агаарын шугамын ажлыг хийж байгаа тухай "Алтай-Улиастайн
эрчим хүчний систем" ТӨХК-ийн Завхан аймаг дахь салбараас
мэдээлэв.