Өнөөдөр Д.Отгонжаргал хүрлийн төлөө, Б.Хулан хэсгийн барилдаантай

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-08-07 09:02:46

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Зуны спортын XXXIII наадамд оролцож буй Монголын баг тамирчдын тэмцээн чөлөөт бөхөөр үргэлжилж байна.


Чөлөөтийнхний салхийг хагалсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Э.Дэлгэрмаа хоёр ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгонжаргал хүрлийн медалийн төлөө барилдахаар болов. Тэр шөвгийн наймд Азербайжаны Мария Стадникийг ялсан ч зооны аваргын барилдаанд Америкийн Сара Хилдебрандтад ялагдлаа. Ингэснээр хүрэл медалийн төлөө Хятадын Фэн Зичи, Алжирийн Ибтиссем Дуду нарын ялсантай барилдана. Медалийн барилдаан Улаанбаатарын цагаар 00:15 цагаас эхэлнэ.


Түүнчлэн өнөөдөр эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Хулан дэвжээнд гарна. Анх удаа Олимпын наадамд оролцож буй тэрбээр эхний тойрогт Нигерийн Кристиана Огусанятай барилдахаар сугалаа татав.


25 настай Б.Хулан энэ жил зургаан барилдаан хийснээс тав ялж, ганц ялагджээ. Харин 22 настай Кристиана Огусаня 11 барилдаан хийснээс ес ялж, хоёр ялагдсан аж. Түүнийг ялбал Японы Фүжинами, Америкийн Парриш нарын ялсантай барилдана. 



Холбоотой мэдээ