ЗАВХАН: Улиастай хот түүхэндээ хоёр удаа нэрээ сольж байжээ

ФОТО МЭДЭЭ
myagmarsuren@montsame.mn
2024-08-01 17:17:38

Улиастай, 2024 оны наймдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн төв, Улиастай хот байгуулагдсанаасаа хойш хоёр удаа нэрээ өөрчилж байжээ.

Тодруулбал "Завхан аймгийн түүх-Нэгэн зууны он дарааллын шастир" номд өгүүлснээр, 1926 онд Улиастай хотын нэрийг өөрчлөн Жавхлант хот хэмээн нэрийдэхээр болсон байна. Улиастай хэмээх хотын нэр эртний түүхтэй Хүннүгийн үед байсан хотын тухай Сыма Цянь-ий тэмдэглэлд “Жао овогтын суух хот” хэмээн гарна.

Харин 1225 онд Монгол нутгаар аялж явсан Чан Чунь бомбын тэмдэглэлд анх “Улиас” хэмээх хуучин хотоор дайран гарав хэмээн гарна. Ямартай ч XIII зуун гэхэд Улиастай хотын нэр төлөвшин тогтсон байжээ. Улиастай хэмээх нэр Улиастайн голын нэрнээс үүсэлтэй. Энэ эртний түүхтэй хотын нэрийг 1926 оны 3-р сарын 20-ний өдрийн шийдвэрээр Жавхлант хот хэмээн нэрлэхээр болжээ. Энэ нь тухайн цагт аймаг, хошуудын нэрийг уул, усны нэрээр нэрлэж байсантай шууд холбоотой. Жавхлант гэдэг нь Улиастай хотын төвийн хэсгийн зүүн талд орших жижиг толгой юм. Уг толгойн нэрээр нэрийдсэн байна. Харин 1961 онд хуучны Улиастай хэмээх нэрийг сэргээжээ.

 О.Ламжавын зурсан “Улиастай хотын дэвсгэр зураг”

Хожим 1973 онд Д.Дагва хуулж зурсан нь Завхан аймгийн музейд хадгалагдаж байна.


Чигэстэй голын гүүр. Улаан луугийн гүүр хэмээн бичигдсэн байдаг. XX зууны эхэн.


Улиастай дахь Сангийн хот. 1892-1893 он.


Улиастай дахь Бээжин худалдаачдын лангуу. 1892-1893 он. Эх сурвалж: А.М.Позднеев “Монголия и монголы” 1898 он


Зүүн талаас Улиастай руу орох зам. 1891-1897 он Эх сурвалж: “Монгол орон Монголчууд” УБ, 2015


Улиастай дахь Сангийн хот. Одоогийн төвийн хэсэг


Улиастай хот Жавхлант толгой 1909 он


Улиастай Маймаачны гудамж. XX зууны эхэн