ЗАВХАН: Сэцэн Сартуулын сонирхолтой түүх
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024
оны долоодугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Дөрвөлжин сумын
нутагт орших Сар хайрхан, Сарт-Уул, Сэцэн Сартуулын хошуу үүссэн домгийн тухай хүргэе.
Ам дамжсан домог хуучид өгүүлснээр, Манжийн амбан хошуудад
газар нутаг хуваахаар халхын ноёдыг дууджээ. Эхнээсээ газар нутагаа авахаар
хамгийн том уул, хайрхан, гол мөрөнг нэрлэхэд тэдний хэлсний тэн хагасыг өгч
байж.
Сэцэн ноёны ээлж болоход тэрээр, "Би бусад ноёдын адилаар том уул, овоо, хайрхан авч зүрхлэхгүй ээ. Би харин хамгийн жижиг гурван толгойн дундах өчүүхэн нутгийг авъя гэхэд Манж амбан дуртай зөвшөөрч гэнэ.
Энэ гурван толгойн нэр нь нэгдүгээрт Цэцэн хайрхан уул
/одоогийн Завхан аймгийн Цэцэн-Уул сумын нутагт орших уул/.
Хоёрдугаарт Сар хайрхан уул /одоогийн Завхан аймгийн Дөрвөлжин
сумын нутагт орших уул/. Гуравдугаарт Туул толгой /одоогийн Завхан аймгийн Сонгино
сумын нутагт орших уул/ зэрэг юм. Ийнхүү цэцэн ноёны мэргэн ухаанаар гурван
жижиг толгодын дундах асар их өргөн уудам газар нутагтай болж толгодын нэрээр
Цэцэн Сартуулын хошуу хэмээн нэрлэсэн гэдэг. Энэхүү чандмалж тогтсон гурван
толгойн дундах газар нутгийн хэлбэр нь дэлгэж тавьсан цоройтойгоо өвчүү шиг юм
гэнэлээ. Тийм учир Сартуулынхны буян хишиг дэлгэрдэг юм хэмээн нутгийн
иргэд хуучилдаг гэж Завхан аймгийн Дөрвөлжин сумын Соёлын төвөөс мэдээлэв.
Сонирхуулахад, Сэцэн Сартуулын нутаг болох Дөрвөлжин, Ургамал, Сантмаргаз, Сонгино сумын түүхэн 100 жилийн ой энэ жил тохиож байна.
Тухайлбал Дөрвөлжин сум 100 жилийн баяр наадмаа 7 дугаар сарын 20, 21-нд, Ургамал сум 7 дугаар сарын 19, 20-нд, Сонгино сум 7 дугаар сарын 21, 22-нд, Сантмаргаз сум 7 дугаар сарын 26, 27-ны өдөр 100 жилийн ойн баяраа тэмдэглэнэ. Энэ жил Завхан аймгийн 10 сумын түүхэн 100 жилийн ой тохиож байгаа бол Асгат сум 40 жилийн ойгоо тэмдэглэнэ.
Цэцэн уул сумын нутагт орших Цэцэнхайрхан уул
Тал дунд орших Сар хайрхан уул. Дөрвөлжин сум
Сонгино сум Сонгинохайрхан уул
САРТУУЛЫН ЦАГААН ОВОО.
Баруун монголын шилийн сайн эрчүүд энд цугларч тангараг өргөдөг байсан гэх домогтой, эрт цагаас тахилгатай, цагаан цайвар өнгийн сүрлэг чулуун овоог Сартуулын цагаан овоо гэнэ.
Сартуулын Цагаан овоо Завхан аймгийн Дөрвөлжин, Завханмандал сумын Буурал тавантолгой, Мандал, Олон булаг багийн заагт байх 2000 гаруй метр өндөр сүрлэг,
Их буурал, Аргалын харын нуруудын дунд байдаг.
Овоон дээрээс харахад Алтай хангайн мөнх цаст оргилууд хаа хол, ойрын уул нурууд алган дээр тавьсан юм шиг үзэгддэг байна.
Гэрэл зургийг: П.Баатарсайхан