Ю.Цэдэнбалын амьдралыг харуулсан үзэсгэлэн нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-10-11 12:46:03

БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд улс, орон нутгийн түвшинд олон арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ удаад Ю.Цэдэнбал даргын тэр болгон олны өмнө гараад байгаагүй гэрэл зургийн үзэсгэлэн Увс аймгийн Улаангом сум дахь Орон нутгийг судлах музейд нээгдлээ.

Бал даргыг нүдний шилтэй, зангиа зүүснээр нь төсөөлдөг байсан бол энэ гэрэл зургийн үзэсгэлэнг үзсэнээр 1916-1991 он хүртлэх амьдралынх нь үнэн түүх болон тэр болгон хүмүүсийн хараагүй гэрэл зургийн агшинг сонирхох боломж нээгдээд байна. Энэхүү үзэсгэлэн нь Улаангом сумын музейд үнэ төлбөргүйгээр 10 хоногийн хугацаатай үргэлжлэх аж.

Үзэсгэлэнгийн танхимын хаалганы зүүн хэсэгт түүний амьдралын сүүлийн мөчүүдийг харуулсан зургууд тавигдсан байв. Сонирхвол, түүний шарилыг ОХУ-аас авчирч буй мөч, сүүлчийн замд нь үдэж байгаа үе зэрэг нь гэрэл зургийн хальсанд үлдсэн нь эдүгээ бидэнд Ю.Цэдэнбал гэж ийм л амьдралыг туулж ирсэн хүн шүү гэдгийг харах боломжийг олголоо. Уг үзэсгэлэнг “Гамма” агентлагын захирал, гэрэл зурагчин С.Цацралт болон МУБИС-ийн эрдэмтэн доктор, профессор Ч.Болдбаатар нар хамтран гаргасан бөгөөд Улаанбаатар хотод “Хүннү молл”-ын үзэсгэлэнгийн танхимд анхлан тавигджээ.

Энэ үеэр Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг угтан аймгийн ЗДТГ-аас захиалан хийлгэсэн дурсгалын зүйлсийг Увс аймгийн Орон нутгийг судлах музейн алтан сан хөмрөгт хадгалуулахаар хүлээлгэн өгсөн юм.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ