Нийслэлийн 18 байршилд дулааны шугам хоолойг шинэчилж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Нийслэлийн 18 байршилд 15.6 км дулааны магистраль шугамыг шинэчилж эхэллээ.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 390 км гаруй урттай дулааны шугам сүлжээ байдаг бөгөөд эдгээрийн ихэнх нь 30-60 жилийн насжилттай аж. Мөн Улаанбаатар хотын орон сууц, аж ахуй нэгж, байгууллагын тоо нэмэгдэж, дулааны хэрэглээ өссөнтэй холбогдуулан шугам сүлжээг өргөтгөх ажил хийх шаардлага үүссэн байна. Тиймээс энэ жил дулааны шугам сүлжээний их засварыг гүйцэтгэхдээ шугам хоолойн хэмжээг өргөтгөхөөр болсон байна.
Сүхбаатар дүүрэг нэгдүгээр хороо, Жамъян гүний гудамж УДЭТ-аас Багшийн дээд хүртэлх дулааны шугам сүлжээг засварлаж, шинэчлэх ажил өнөөдрөөс эхэлж байна. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү, “2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, зуны их засварын ажлыг эхлүүллээ. Бид өнгөрсөн долоодугаар сарын 1-нээс их засварын бэлтгэл ажлыг хангаж, засварын ажлаа эхлүүлсэн. Дулааны шугам сүлжээний их засварын ажил хийж байгаа учраас зарим байршилд халуун ус хязгаарласан. Гэхдээ цэвэр усны буюу хүйтэн усыг хязгаарлалт тогтоолгүй засварын ажлыг гүйцэтгэж байна” гэв.