Умард Солонгос 21 атомын бөмбөг хийх нөөц чадавхтай гэв

Дэлхийд | Улс төр
adiyakhuu@montsame.mn
2016-10-11 10:16:16

СӨҮЛ. /TASS/. Умард Солонгос ойрын дөрвөн жилийн хугацаанд 100 гаруй тооны цөмийн цэнэгт хошуутай болж магадгүй гэж RAND корпорацийн мэргэжилтнүүдийн Сөүл хотод нийтэлсэн тайланд дурджээ. Тус корпораци нь Калифорнид төвтэй судалгааны байгууллага юм.

“Нээлттэй эх сурвалжуудаас авсан хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Умард Солонгос 13-21 ширхэг атомын бөмбөг хийхэд хүрэлцэхүйц хэмжээний задардаг материалын нөөцтэй болсон ба цаашдаа нөөцийн хэмжээ нэмэгдсэнээр 2020 он гэхэд 50-100 ширхэг атомын бөмбөг үйлдвэрлэх боломжтой болно” гэж дээрх тайланд дурдсан байна.

Түүний сацуу, тус улс атомын бөмбөгөө нисэх онгоц, хөлөг онгоц, ойрын зайн тусгалтай пуужингууд ашиглан байнд хүргэх чадавхтай болсон төдийгүй АНУ-ын эх газарт хүрч чадах тив алгасах баллистик пуужингийн туршилт хийж байгаа билээ.

4-6 жилийн дараа умардынхан хангалттай хэмжээний цөмийн зэвсгийн нөөцтэй болсноор бүс нутаг дахь Америкийн цэргийн нөлөөг тэнцвэржүүлж, АНУ болон түүний холбоотнуудын цэргийн баазуудад аюул учруулахаар хэмжээний цөмийн хүчин чадалтай болно гэдгийг дээрх судалгаанд онцолжээ.

Үүнтэй холбоотойгоор Өмнөд Солонгос, Япон хоёрын хувьд “Америкийн цөмийн шүхэр”-т найдах итгэл нь алдарч, өөрсдөө цөмийн зэвсэгтэй болцгооё гэсэн чиг хандлага дахин сэргэж эхэлсэн байна. Гэвч ийм алхам нь маш аюултай бөгөөд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай Гэрээний утга учрыг алдагдуулж, Зүүн Хойд Азид хүчний тэнцвэрийг өөрчилнө гэдгийг  RAND анхааруулсан байна.

Тайланд дүгнэхдээ, АНУ-ын шинэ засаг захиргаа байгуулагдсан даруйдаа Умардын цөмийн асуудлыг шиийдвэрлэхийн тулд Пхеньянтай хэлэлцээ хийх нь зүйтэй гэж уриалжээ.

Б.Адъяахүү

 

 

 

Холбоотой мэдээ