Монголын 21 уран бүтээлч НордАрт олон улсын үзэсгэлэнд шалгаран, оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Бюделсдорф хотноо НордАрт олон улсын дүрслэх урлагийн 25 дахь удаагийн үзэсгэлэнг 6-р сарын 1-нд албан ёсоор нээлээ.
Европт жил бүр зохион байгуулдаг, орчин үеийн урлагийн хамгийн том, нэр хүндтэй үзэсгэлэнгүүдийн нэг НордАрт нь 25 жилийнхээ ойг бүх шагналтан, уран бүтээлчдээ онцгой хүндэтгэл илэрхийлж, тусгай төслүүдийнхээ хамтаар өргөн тэмдэглэж байгаа ажээ. Жил бүр НордАрт дэлхийн өнцөг булан бүрээс 3000 гаруй уран бүтээлчийн материалыг хүлээн авч, 200 гаруй уран бүтээлчийг сонгон шалгаруулдаг уламжлалтай.
НордАрт-ын ерөнхий куратор Вольфганг Грамм энэ жилийн үзэсгэлэнгийн онцлогийг тодорхойлохдоо, “Үл үзэгдэх газар хөдлөлт мэт урлаг нь нийгмийн чичиргээг үнэн зөвөөр илэрхийлдэг. Энэ нь хүн төрөлхтний үнэн бодит байдал, хүсэл мөрөөдөл, зөн совингийн тусгал юм. Дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан уран бүтээлчид маань нэгдэн, өнгөрсөн цагийн туршлагаасаа ирээдүйн мөрөөдлийг биелүүлэх замдаа гарчээ. Тэд өнгөрсөн үеийн археологичид шиг эрэл хайгуул хийж, орчин үеийн нийгмийн хөгжлийг судлан, шинэ найдвар төрүүлэх эерэг орон зайг бий болгодог“ хэмээн тэмдэглэжээ.
Түүний энэ тодорхойлолтыг 2010 оноос хойш НордАрт-ын гранпри болон үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн 57 уран бүтээлчийн бүтээлүүдэд тод томруун илэрхийлсэн хэмээн зохион байгуулагчид тодотгож байна.
НордАрт-ыг албан ёсоор нээж, үзэсгэлэнг зохион байгуулагч "Күнстверк Карлсхютте"-гийн эзэн Ханс-Юлиус Алманн, Шлесвиг-Холштайн мужийн Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын сайд хатагтай Карин Прийн, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Мандахбилэг нар үг хэлжээ. Түүнчлэн Рэндсбург, Бюделсдорф хотын захирагч нар, Хамбург хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Райнхард Штутд, Шлесвиг-Холштайн мужийн парламентын гишүүд зэрэг хүндэт зочид үзэсгэлэнгийн нээлтэд уригдан оролцсон байна.
Ноён Ханс-Юлиус Алманн үг хэлэхдээ, “Өнгөрсөн 25 жилийн хугацаанд НордАрт-аас дэлхийн зэрэгтэй уран бүтээлчид төрөн гарч, дэлхийн уран бүтээлчдийг НордАрт мөн урьж оролцуулдаг боллоо.
Монголын уран бүтээлч А.Очирболд анх 2015 онд үзэгчдийн нэрэмжит шагнал, 2019 онд гранпри шагналыг хүртэж байсан бол өдгөө түүний бүтээл Нью Йорк дахь НҮБ-ын Цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэж, 60 дахь удаагийн Венецийн биеннальд оролцож байна. Монгол уран бүтээлчдийн ур чадвар жилээс жилд хөгжин дэвшиж, сайжирч байгаад бид бүгд маш баяртай байна” хэмээн онцолжээ.
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Мандахбилэг хэлсэн үгэндээ, “Монгол Улс- ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд бид бүхний хамтын ажиллагаа эхэлж, Монгол Улс онцлох орноор орж байсан бол өдгөө 10 жилийн нүүрийг үзжээ. Хоёр улсын хамтын ажиллагаанд эдийн засаг, боловсролын салбар тэргүүлэх байр эзэлдэг байсан бол сүүлийн жилүүдэд соёл, урлагийн салбар дахь хамтын ажиллагаа голлох байр суурийг эзлэх боллоо” хэмээн тэмдэглэжээ.
Энэхүү ёслолын үеэр 2023 оны НордАрт үзэсгэлэнгийн шагнал хүртсэн уран бүтээлчдийн шагналыг гардуулсан байна. "НордАрт 2023" гранпри шагналтнаар Словакийн уран бүтээлч Lubo Mikle тодорчээ.
Монголын орчин үеийн урлагийг анх 2015 онд НортАрт-д танилцуулснаас хойш өнөөг хүртэлх 10 жилийн хугацаанд Монголын уламжлал, нүүдлийн соёлын үнэт зүйлс, орчин үеийн урлагийн тод хослол нь НордАрт-ын үзэгчдийн анхаарлыг татсаар ирсэн байна.
Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Монгол Улсын 5 дахь удаагийн бие даасан павильонд 21 монгол уран бүтээлчийн шинэлэг, өвөрмөц бүтээлүүдийг энэ оны 10-р сарын 6-ныг хүртэл толилуулах юм.
Монгол Улсын орчин үеийн урлагийн бүтээлүүдийг НордАрт-ын анхны үзэсгэлэн гарч байсан Вагенремизэ-д 2 дахь удаагаа дэлгэж байна. Түүнчлэн 80 000 квм талбай бүхий уг цэцэрлэгт хүрээлэнд МУУГЗ А.Очирболдын “Ухамсар”, “Хүн дэлхийд жин нэмээгүй” бүтээлүүд, Б.Дөлгөөний “Тусгал” монгол гэрийн инстоляц олны хүртээл болж байгаа ажээ.
Монголын павильонд дэлгэгдсэн уран бүтээлүүд, ялангуяа МУУГЗ Т.Баттогтохын хонь, ямааны далны ясаар хийсэн “Шүүлт” инстоляц, МУУГЗ С.Дагвадоржийн хар төмрийг зэврүүлэх техникээр алтлаг өнгийн зохицлыг гаргасан “Алтанхаргана”, Д.Дөлгөөний хар төмрийг зүлгэж өнгөлөх техникээр бүтээсэн өөрийгөө олж нээх “Хөрөг” бүтээл, авангард уран бүтээлч Үнэн-Энхийн төмөр утас, эсгий, морины хялгас зэрэг уламжлалт материалаар урласан цуврал баримлууд, МУУГЗ Ж.Түвшинжаргалын дэлхийд ховор ногоон боржин чулуугаар бүтээсэн “Намрын хөх салхи”, МУУГЗ Ц.Энхжаргалын “Чоно сар”, “Чин гүрний Гүн”, Б.Баярт-Одын монгол зураасан зургийн нарийн ажиллагааг илтгэсэн “Туульч”, залуу уран бүтээлч Г.Гэрэлхүүгийн “Хэрээ”, Э.Ононгуагийн гар урлал, уран зургийн холимог техник бүхий бүтээлүүд нь нээлтэд хүрэлцэн ирсэн урлаг сонирхогч, үзэгч олны анхаарлын төвд байжээ.
Энэ жилийн Монголын павильоны ерөнхий зохион байгуулагчаар "Соёл, урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент зөвлөгөө" НҮТББ, ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяа, албан ёсны түншээр ХБНГУ-д суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яам, хамтын ажиллагааны түншээр Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Монгол Улсын Соёлын Яам, Монгол Улс дахь ХБНГУ-ын Элчин Сайдын Яам хамтран ажиллаж байна.