ДАРХАН-УУЛ: Сонгогчдод мэдээлэл өгөх өдөрлөг зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Аймгийн Сонгуулийн хорооноос сонгогчдын боловсролд зориулан "Сонгогчийн өдөрлөг"-ийг зохион байгуулж байна. Өдөрлөгөөр УИХ-ын сонгуулийн санал авах байрыг жишиг байдлаар тохижуулж саналын хуудсыг хэрхэн бөглөх, төхөөрөмжид уншуулах, сонгуулийн дүн гаргах үйл явц хэрхэн өрнөдөг зэрэг мэдээллийг иргэдэд бодитоор үзүүлж байна.
Нэг удаа зохион байгуулаад дуусах бус сонгуулийн санал авах өдөр хүртэлх хугацаанд тодорхой нэг байршилд мэдээлэл өгөх ажлыг тогтмол явуулна гэж аймгийн сонгуулийн хорооны дарга О.Хүрэлчулуун мэдэгдлээ.
Түүнчлэн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгуульд оролцоход хүндрэлтэй асуудлууд тулгардаг тул сонгогчийн мэдлэгийг ийнхүү жишиг байдлаар өгч байгаа нь ач холбогдолтой, өөрчлөлтүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч байгааг иргэд хэллээ.
Энэ удаагийн сонгогчийн өдөрлөгийг Дархан зах дотор байрлах төрийн үйлчилгээний "Нэг цэгийн төв"-д зохион байгуулсан бол пүрэв, баасан гарагт Шарын гол, Орхон, Хонгор суманд тус тус өдөрлөгийг үргэлжлүүлэх ажээ.