БАЯН-ӨЛГИЙ: Энэ сард цаг агаар олон жилийн дунджаас дулаан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-05-02 10:04:18

Өлгий, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутгаар тавдугаар сарын цаг агаарын олон жилийн дундаж температур 0-8 хэм дулаан байдаг. Харин энэ жилийн хувьд олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.


Сарын эхэн буюу нэгдүгээр арав хоногийн эхээр агаарын температур олон жилийн дунджаас сэрүүсэж, ихэнх нутгаар цас орж салхи шуургатай байна. Мөн нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр дахин сэрүүсэж, нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур аажмаар дулаарч, олон жилийн дунджаас дулаан байна.


Тавдугаар сарын нийлбэр хур тунадас 10-15 мм байдаг бол энэ жилд олон жилийн дундаж орчим байх төлөвтэй. Арав хоногуудын эхэн үед болон сарын сүүлчээр ихэнх нутгаар бороо, цас, уулархаг нутгаар цас орох төлөвтэй. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж болзошгүй аж.  

Холбоотой мэдээ