Япон, АНУ, Өмнөд Солонгос тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилалт хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-04-13 13:00:38

ТОКИО, 2024 оны дөрөвдүгээр сарын 13 /Kyodo/. Хятад, Умард Солонгосыг тогтоон барих хүчээ бэхжүүлэх зорилгоор Япон, АНУ, Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн хүчнүүд Зүүн Хятадын тэнгист хамтарсан сургуулилалт хийлээ гэж Японы Тэнгисийн өөрийгөө хамгаалах хүчин баасан гарагт мэдэгджээ.


Японы Ерөнхий сайд Кишида Фүмио Ерөнхийлөгч Жо Байдентай хэлэлцээ хийхээр АНУ-д айлчилж буй энэ үед цөмийн хөдөлгүүрт "Теодор Рузвельт" тэргүүтэй хөлөг онгоц оролцсон сургуулилалтыг пүрэв гаргаас эхлэн хоёр өдрийн хугацаанд хийжээ. 


Гурван орны хувьд Бээжин нэгдүгээр сараас далай тэнгисийн ажиллагаагаа эрчимжүүлж байгаа Зүүн Хятадын тэнгист хийсэн анхны гурван талт сургуулилалт энэ болж байна. Түүнчлэн Пёньяны цөмийн болон пуужингийн хөтөлбөрүүд ч мөн бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлсэн томоохон асуудал хэвээр байна. 


Тэнгисийн өөрийгөө хамгаалах хүчний мэдээлснээр, шумбагч онгоцыг эсэргүүцэх сургуулилалт, эрэн хайх, аврах ажиллагаа зэрэг багтсан хамтарсан сургуульд Японы "Ариаке" ангиллын эскадрын мина тээгч онгоц, Өмнөд Солонгосын "Сеоаэ Рю Сон Рёнг" ангиллын эскадрын мина тээгч онгоц оролцжээ. 


К.Фүмио, Ж.Байден нар лхагва гарагт Вашингтонд хэлэлцээ хийх үеэрээ Хятадтай холбоотой нөхцөл байдлыг харгалзан аюулгүй байдлын хэлхээ холбоогоо бэхжүүлэхээр тохиролцсон бөгөөд пүрэв гарагт Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркостой гурван талын дээд хэмжээний уулзалт хийж, батлан хамгаалах болон эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэхээ амласан байна. 


К.Фүмио 2015 онд Ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн айлчлалаас хойш АНУ-д төрийн зочны хувиар айлчилсан анхны Японы удирдагч болсон юм.

Холбоотой мэдээ