БАЯН-ӨЛГИЙ: Ногооннуур суманд мал төллөлт 67.9 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-04-12 12:09:50

Өлгий, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн төллөвөл зохих 826.9 мянган толгой хээлтэгчийн 40.9 мянга нь хээл хаяад байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээлэв.


Энэ сарын 10-ны өдрийн байдлаар 319,5 мянган толгой хээлтэгч төллөж, төллөлт 38.6 хувьтай байна. Мөн 21 мянган толгой төл хорогдсон. Одоо 298.5 мянган төл бойжиж байгаа. Бойжилт 93.4 хувьтай байна.  


Мал төллөлт Ногооннуур суманд хамгийн өндөр буюу 67.9 хувьтай, Алтанцөгцөд 64.7, Буянтад 58.7, Баяннуурт 57.6, Толбо суманд 54.5 хувьтай байна. Харин хаврын улиралд малчид нь өвөлжөөнөөсөө 100-200 км зайтай газар нүүж малаа төллүүлдэг Сагсай, Улаанхус, Цэнгэл зэрэг суманд мал энэ сарын 1-нээс төллөж эхэлсэн. Одоогоор дээрх сумдад мал төллөлт хамгийн бага хувьтай (1.8-22.3 хувь) байна.


Баян-Өлгий аймаг нь энэ оны эхний байдлаар 2 сая 46 мянган толгой малтай. Үүнээс 47.6 мянган толгой мал хорогджээ. Малын хорогдол Бугат (7547), Булган (7334), Цэнгэл (6500) Алтай (4758), Улаанхус (4946) сумдад их байгаа. Хорогдсон малын 77.8 хувийг бог мал эзэлж байна. 

Холбоотой мэдээ