УЕФА-гийн цомуудын финалын тоглолтуудын тасалбарыг худалдаж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-04-10 11:06:21

МОСКВА, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /РИА Новости/. Европын хэд хэдэн цомын тэмцээний финалын тоглолтуудын тасалбарыг борлуулж эхэлсэн тухай болон тасалбарын үнийн талаарх мэдээллийг Европын хөл бөмбөгийн холбооны /УЕФА/ албан ёсны цахим хуудсанд нийтэлжээ.

 

Тухайлбал, 6 дугаар сарын 1-нд Лондон хотын “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болох Аваргуудын лигийн финалын тоглолтын хамгийн хямд тасалбар 70 еврогийн үнэтэй байна. Уг стадион 90 мянган үзэгчийн багтаамжтай бөгөөд 60 мянган ширхэг тасалбарыг дэлхийн бусад улсад борлуулах бол шувтаргын тоглолтод шалгарсан багуудын хөгжөөн дэмжигчдэд тус бүр 25 мянган ширхэг тасалбарыг худалдана. Дээр дурдсан 70 евро гэдэг нь 4 дүгээр ангиллын тасалбарын үнэ бөгөөд гуравдугаар ангиллын билет – 190 евро, хоёрдугаар ангиллынх – 500 орчим евро, нэгдүгээр ангиллынх – 710 еврогоос дээш үнэтэй байна.

 

Түүнчлэн Европын Лигийн тэмцээний финалын тоглолтын хамгийн хямд тасалбарын үнэ 40 евро байгаа бол түүнээс дээших бусад ангиллынх тус бүр 65 евро, 100 евро, 150 еврогийн үнэтэй байна. Уг тоглолт 5 дугаар сарын 22-нд Ирландын нийслэлийн “Дублин Арена” цэнгэлдэх хүрээлэнд болно.  

 

Грекийн нийслэл Афин хотын 30 мянган хүний багтаамжтай АЕК цэнгэлдэх хүрээлэнд 5 дугаар сарын 29-нд болох Конференцийн лигийн аваргын төлөөх тоглолтын хамгийн хямд тасалбар нь 25 евро, бусад ангиллынх 45 евро, 85 евро, 125 еврогийн үнэтэй байгаа ажээ.   

 

Харин Польшийн нийслэл Варшав хотын 58 мянган хүний багтаамжтай Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд 8 дугаар сарын 14-нд болох УЕФА-гийн Супер цомын финалын тоглолтын хамгийн хямд буюу гуравдугаар ангиллын тасалбар 30 еврогийн үнэтэй бөгөөд хоёрдугаар ба нэгдүгээр ангиллынх 80 евро, 130 евро байна.  

 

Холбоотой мэдээ