Хаитигийн удирдагчид шилжилтийн зөвлөлийг байгуулах тохиролцоонд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-04-09 16:11:16

ПОРТ-О-ПРЕНС, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /AFP/. Хаитигийн удирдагчид улс орноо эмх замбараагүй байдлаас гаргахын тулд түр засгийн газар байгуулах хэлэлцээрийг эцэслэн шийдвэрлэсэн боловч нарийн ширийн зүйлсийг эхлээд эрх баригчид батлах ёстой гэж “Франс Пресс” агентлаг даваа гарагт мэдээлэв.


Шилжилтийн зөвлөлийн гишүүд төлөвлөгөөгөө ням гаргийн орой Карибын тэнгисийн орнуудын хамтын нийгэмлэгт /КАРИКОМ/ илгээжээ. Энэхүү хэлэлцээрээр улс төрийн намууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллөөс бүрдсэн саналын эрхтэй долоон гишүүн, хоёр ажиглагч гэсэн есөн гишүүнтэй зөвлөлийг байгуулж, 2026 оны эхээр ерөнхийлөгчийн сонгууль явуулах урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэх ажээ. 


Зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа 2026 оны хоёрдугаар сарын 7-нд дуусгавар болно гэж гэрээнд тусгасныг “Франс Пресс” уламжилсан байна. Гуравдугаар сарын 11-нд албан тушаалаасаа огцорно гэдгээ мэдэгдсэн Ерөнхий сайд Ариэль Хенригийн халааг шинэ эрх баригчид авах юм. Хямралыг зохицуулах асуудлаар хэлэлцээ хийхэд чухал үүрэг гүйцэтгэсэн КАРИКОМ-д дээрх гэрээг ням гаргийн орой танилцуулсан байна.


Зөвлөлийн гүйцэтгэх эхний үүрэг бол есөн гишүүний багтай хамтран ардчилсан, чөлөөт, иргэдийн итгэлийг хүлээсэн сонгууль явуулах хүртэл улс орныг удирдах Засгийн газрыг байгуулж, Ерөнхий сайдыг сонгох явдал юм. Зөвлөлийн гишүүд болон шинээр байгуулагдах Засгийн газрын гишүүдийг сонгуульд өрсөлдөхийг зөвшөөрөхгүй ажээ.


Хаити улсад улс төрийн тогтворгүй байдал, гэмт хэрэг газар аваад байгаа бөгөөд 2016 оноос хойш нэг ч удаа сонгууль болоогүй юм. Энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр зэвсэгт бүлэглэлүүд цагдаагийн газар, шоронгууд, засгийн газрын төв байр руу халдсан ба боомт, нисэх онгоцны буудлыг хааснаас хойш байдал нэн дорджээ. Порт-о-Пренсийн нисэх онгоцны буудал хаагдсаны улмаас тус улсын Ерөнхий сайд Кенигээс эх орондоо ирж чадахгүй байгаа юм.

 


Холбоотой мэдээ