“Жишиг хороолол-4” төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх үүрэг өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-10-03 23:00:11

Дархан-Уул аймаг энэ онд ОНХС-гийн 4.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 60, аймгийн 4.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 67 буюу нийт 127 төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Эдгээрээс Дархан хотын “Жишиг хороолол-4” төслийн ажлын явцтай аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон аймгийн Засаг даргын Хөрөнгө оруулалт Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Барилга Захиалагчийн албаны мэргэжилтнүүд танилцаж тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ. Энэ онд “Жишиг хороолол-4” төслийн хүрээнд тус сумын 8, 13, 14, 16 дугаар багийн зургаан хэсэгт тоглоомын талбайн тохижилт, гэрэлтүүлгийн ажлууд хийгдэж байна. Төслийн ажлыг 500 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр “Маргад Монгол” ХХК өнгөрсөн наймдугаар сарын 28-наас эхлэн гүйцэтгэж есдүгээр сарын 30-нд хүлээлгэж өгөхөөр гэрээ байгуулжээ. Гэвч одоогийн байдлаар тохижилтын ажлын гүйцэтгэл удаашралтай байгаагаас холбогдох албаныхан хэлэлцэж орон нутгийн гүйцэтгэгч компаниудыг туслан гүйцэтгэгчээр авч энэ сарын 15-ны өдөр гэхэд бүтээн байгуулалтыг 100 хувь гүйцэтгэх шаардлагатай гэж үзэж дурдсан хугацаанд буюу Дархан хотын ойн өмнө дуусгахыг үүрэг болголоо. 

                                                          Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ