"Brexit"-ийн хэлэлцээг гуравдугаар сарын эцсээр хийж эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-10-03 13:34:45

ЛОНДОН. /Reuters/. Их Британи улс Европын Холбооноос /ЕХ/ гарах үйл явцын талаарх хэлэлцээг /Brexit/ ирэх оны гуравдугаар сарын сүүлчээр хийж эхэлнэ гэдгээ тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй мэдэгдлээ.

Өнгөрсөн амралтын өдөр Бирмингем хотод болсон Консерватив намын жил тутмын хурлын үеэр тэрбээр хэлэлцээг хийж эхлэх товыг анх удаагаа тодорхой хэлжээ. Т.Мэй ерөнхий сайд болсноос хойш түүний нам анх удаагаа хуралдсан нь энэ юм.

Хатагтай Т.Мэй-гийн хэлснээр, хэлэлцээний стратегийг боловсруулахад цаг хугацаа хэрэгтэй байгаа учир ЕХ-ноос гарах хэлэлцээг хийж эхлэхэд яарахгүй байгаа аж. Өнгөрсөн зургадугаар сарын 23-нд явуулсан бүх нийтийн санал асуулгаар британичуудын олонх нь ЕХ-ноос гарахыг дэмжсэн билээ. Ер нь бол, ЕХ-ноос гарах асуудлаарх хэлэлцээг хоёр жилийн дотор хийж дуусгах ёстой юм.

Т.Мэй-гийн санал болгосны дагуу энэ оны гуравдугаар сард хэлэлцээг хийж эхэлбэл тус улс 2019 оны гуравдугаар сар гэхэд ЕХ-ноос гарна гэсэн үг. Гэхдээ ЕХ-ноос гарах үйл явц амаргүй байх болно гэж шинжээчид үзэж байна.

Их Британи дахь гадаадын ажилчдын эрхийг хуулиар хамгаалахаа Т.Мэй мэдэгдсэн. Түүний хэлсэнчлэн, Их Британи болон ЕХ хоорондын харилцаа хэдийн бүрэлдэн тогтсон, талууд бол  харилцан ашигтай хамтран ажилладаг ойр дотны нөхөд бөгөөд холбоотнууд юм.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ