Дэлхийн хийн эрэлт нэмэгдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-03-14 12:43:56

АНКАРА, 2024 оны гуравдугаар сарын 14 /Anadolu/. Дэлхийн байгалийн хийн эрэлт 2050 онд 2022 оныхтой харьцуулахад 34 хувиар өсөж, ойролцоогоор 5360 тэрбум шоо метрт хүрэх төлөвтэй байна.


Хий экспортлогч орнуудын форумын /GECF/ 2050 оны хэтийн төлөвийн тайланд дурдсанаар, 2022 онд дэлхийн байгалийн хийн хэрэглээ 4015 тэрбум шоо метрт хүрч байжээ.


Уг тайланд эрэлт өсөхөд нөлөөлөх гол хүчин зүйлүүдэд хүн амын өсөлт, эдийн засгийн үйлдвэрлэл, агаарын чанарыг сайжруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, нүүрс, газрын тосоос байгалийн хий рүү шилжүүлэхэд чиглэсэн бодлого зэргийг жагсаасан байна. Түүнчлэн дэлхийн хийн эрэлтийн өсөлтийн 52 хувь нь Ази, Номхон далайн бүс нутгаас үүснэ гэж тооцоолжээ.


Сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээ нэмэгдэхийн хэрээр байгалийн хийгээр эрчим хүч үйлдвэрлэх нь ган гачгийн үед нарны болон салхины эрчим хүч, усан цахилгаан станцад нөөц дэмжлэг үзүүлэх зэргээр чухал үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна. Бүс нутгийн хэтийн төлөвөөс харахад ирээдүйн байгалийн хийн эрэлтийн өсөлт нь хурдацтай хөгжиж буй Ази, Номхон далайн зах зээл болон байгалийн хийн нөөцөөр баялаг Ойрхи Дорнод, Африкийн орнуудаас үүсэх төлөвтэй байна гэж тайланд дурджээ.

Холбоотой мэдээ