Дахин сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-10-01 20:26:37

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 68 дугаар тогтоолоор аймгийн сонгуулийн хороог шинээр байгуулж сонгуулийн хугацааны цаглабарын дагуу үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм.

Өнгөрсөн хугацаанд Аймгийн Сонгуулийн хороо сонгуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хуулийн дагуу аймгийн ИТХ-ын дахин сонгуульд оролцох нэр дэвшигчдийг бүртгэх ажлыг хийж нийт 46 нэр дэвшигч байгаагаас МАН-аас 14, АН-аас 14, МАХН-аас 6, харин бие даагч 12 нэр дэвшигчийг бүртгэсэн. Өнгөрсөн 6 дугаар сард болсон аймгийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулиар Аймгийн Сонгуулийн хороо “Сонгуулийн тухай хууль”-ийн зарим зүйл заалтуудыг үндэслэж 15 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаж нэрсийн жагсаалтаас хассан тогтоолыг гаргасан. Уг тогтоол холбогдох хууль тогтоомж, сонгогч, сонгогдогчдын эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж дээрх нэр дэвшигчид хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан нь гурван шатны шүүхээр орж нэр дэвшигчийн талд эцэслэн шийдвэрлэгдсэн юм.

Тус шүүхийн шийдвэрийг үндэслэж аймгийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн Дархан сумын 3, 9, 14,15, 17, Шарын гол сумын 19, Хонгор сумын 20 дугаар тойргуудад сонгуулийн дүнг албан ёсоор хүчингүй болгож дээрх тойргуудад дахин сонгуулийг 10 дугаар сарын 19-ний өдөр буюу Орон нутгийн сонгуультай хамтатган зохион байгуулахаар тогтоолыг гаргаснаар дахин сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авлаа.

Дээрх тойргуудын харьяа багийн иргэд энэ өдөр Сумын ИТХ-ын ээлжит сонгууль болон аймгийн ИТХ-ын дахин сонгуульд саналаа өгнө.

                                                                               Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ