Хятадын юань нөөц валютын сагсанд багтлаа

Дэлхийд | Эдийн Засаг
adiyakhuu@montsame.mn
2016-10-01 16:49:05

ЛОНДОН./BBC/. БНХАУ байгуулагдсаны ойн баярын өдөр буюу 10 дугаар сарын 1-нээс эхлэн Хятадын юань Олон улсын валютын сангийн /ОУВС/ нөөц валютын сагсанд багтан орлоо.

Ингэснээр тус сан Хятадын валют болон тус улсын эдийн засгийн өсөн нэмэгдэж буй нөлөөг хүлээн зөвшөөрч, Хятадын эрх баригчдын санхүүгийн салбарт явуулж буй шинэчлэлийг зохих ёсоор үнэлж байгаа нь харагдаж байна.

Юань нь зээлжих тусгай эрхийн (SDR) өртгийг тооцдог валютын сагсанд багтаж байгаа нь энэ бөгөөд ОУВС-ын уг төлбөрийн хэрэгслийг санхүүгийн зах зээлд борлуулдаггүй юм.  

SDR-ийг тус сан болон түүний гишүүн орнуудын хооронд төлбөр тооцоо хийхэд ашигладаг ажээ. ОУВС-гийн нөөц валютад юаниас гадна доллар, евро, иен, фунт стерлинг багтдаг бөгөөд оллар, евро хоёр ихээхэн жин дардаг байна.

Сүүлийн жилүүдэд Хятад улс үндэснийхээ валютыг олон улсын хооронд төлбөр тооцоо валютуудын тоонд оруулахын тулд ихээхэн хүчин чармайлт тавьж байгаа юм.  

Харин АНУ болон олон улсын зарим байгууллагууд юаний ханшийг зохиомлоор бууруулж байна гэж Хятадыг шүүмжилж байлаа. Юаний ханш буурснаар Хятадын экспортын барааны өртөг зохиомлоор багасч байгаа юм. Сүүлийн өдрүүдэд юанийн ханш зургаан жилийн хугацаан дахь хамгийн дээд хэмжээнд хүрээд байгаа нь хөрөнгө оруулагчид болон эдийн засагчдыг түгшээж байна.

Б.Адъяахүү 

 

 

Холбоотой мэдээ