Засгийн газрын гишүүд төрийн албан хаагчидтай уулзлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРМонгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байгаа.
Ажлын хэсгийн эхний ажил төрийн албан хаагчидтай хийсэн уулзалт байсан. Уулзалтанд салбар салбарын төлөөллүүд ирж оролцсон юм.
Засгийн газрын гишүүд улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдлын талаар танилцуулга хийж, цаашид үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Шинэ Засгийн газар 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө батлуулж, хямралыг даван туулах бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаараа мөн танилцуллаа.
"Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед хямралаас гарахын тулд шат дараатай ажлыг хийж хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэхин тулд нэн түрүүнд ард иргэдээ эрүүл хүнсээр хангах, орон байраар хангах, боловсрол мэргэжил олгох, ажилтай орлоготой болгох, хувийн хэвшлүүдийг дэмжих хэрэгтэйг Монгол Улсын шадар сайд У. Хүрэлсүх онцоллоо.
Мөн ард иргэдээ эрүүл хоол хүнсээр хангахын тулд шаардлагатай бүх хүнсийг, цаашлаад эрчим хүч, шатахууныг дотооддоо үйлдвэрлэдэг, улмаар экспортолдог болохыг зорьж ажиллаж байгаагаа ч хэллээ.
Уулзалтанд оролцогчдоос ипотекийн зээлийг үргэлжлүүлэх эсэх талаар тодруулахад, энэ ажил үргэлжлэн явагдана. Улсын хэмжээнд амжилттай явагдаж байгаа ажлын нэг бол энэхүү ипотекийн 8 хувийн зээл. Бид ард иргэдээ ая тухтай амьдрах орон байраар хангахын тулд үүнийг үргэлжлүүлэх хэрэгтэй. Салбарын яам уг зээлийг цаашид олгох бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Түр хугацагаар зогсоод байгаа ч удахгүй дахин олгож эхэлнэ" гэсэн хариултыг өглөө.
Т. Одончимэг