СЭЛЭНГЭ: С.Лхагвацэрэн нэгж га талбайгаас жилд хоёр удаа ургац авч байна

ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ
otgontsetseg@montsame.mn
2024-02-19 08:13:27

Сүхбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн хангайн 7 дугаар багийн иргэн Санжаадоржийн Лхагвацэрэн Монгол Улсын Хүнсний хангамж, аюулгүй байдал Үндэсний хөдөлгөөнийг бүтээлчээр хэрэгжүүлэхэд манлайлан оролцож яваа ногоочдын нэг юм.

 

Тэрээр газар тариалангийн салбарт өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай техник, технологийг нэвтрүүлэн, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах үйлсэд оруулсан нөр их хөдөлмөр зүтгэл, хуримтлуулсан туршлага, ажлын амжилтаараа сар шинийн өмнөхөн Монгол Улсын аварга ногоочин болжээ.

С.Лхагвацэрэн 1 га талбайг 50х6м хэмжээтэй 17 ширхэг хүлэмжээр хүлэмжжүүлэн эрт ургацын байцаа тариалсан байна.


Мөн үрийн шинэчлэл хийсний үр дүнд нэгж га талбайгаас жилд хоёр удаа 100 тн хүртэл ургац авч хүнсний хангамжид нийлүүлж байгаа аж.


Тэрээр ногоочдын холбоог байгуулан тоноглогдсон трактор, хүлэмжийг тариалалт ургац хураалтын үед ногоочдод хүртээмжтэйгээр хэрэглүүлэн эрт ургацын байцааны үрсэлгээг бэлтгэн 10 гаруй өрхөд тариалалт хийх арга ажиллагааг зааж сургажээ.


Мөн ХХААХҮЯамнаас зохион байгуулж байгаа ногоочдыг дэмжих “Байцаа хөтөлбөрт“ олон иргэдийг хамруулан, ажлын байр нэмэгдүүлсэн арвин их туршлагатай өрхийн үйлдвэрлэгч, баялаг бүтээгч гэдгээрээ онцлогтой.


Малын эмч мэргэжилтэй тэрбээр 1994 оноос хувиараа аж ахуй эрхэлж, 2005 оноос өнөөг хүртэл өрхийн тариаланчаар эхнэр Д.Мөнхжаргалын хамт хөдөлмөрлөж байгаа юм.


С.Лхагвацэрэн өөрөө өрхийн аж ахуй эрхлэхийн хажуугаар 10 гаруй өрхийг нэгтгэсэн "Шимт үндэс" бүлгийг байгуулан ажиллаж байна.


Өнгөрсөн жил 20*6 харьцаатай 21 ширхэг хүлэмжид өргөст хэмх тариалж, 2.5 тонн ургац хураан авчээ. Мөн эрт, оройн ургацын байцай тариалж, нийт 100 орчим тонныг хураан авч зах зээлд нийлүүлсэн байна. 

Холбоотой мэдээ