Умард Солонгос Өмнөдтэй эдийн засгийн харилцаагаа тасалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-02-09 10:05:00

ПЁНЬЯН, 2024 оны хоёрдугаар сарын 9 /Reuters/. Умард Солонгосын хууль тогтоогчид Өмнөд Солонгостой эдийн засгийн харилцаа таслах тухай тогтоолыг баталсан тухай Пёньяны төрийн мэдлийн хэвлэл пүрэв гарагт мэдээлжээ. 


Уг шийдвэрийг лхагва гарагт болсон Ардын дээд хурлын 14 дүгээр Байнгын хорооны 30 дугаар бүгд хурлын үеэр баталсан байна. Тогтоолд Умард-Өмнөдийн эдийн засгийн харилцаа, Кымган уулын олон улсын аяллын тусгай бүсийн тухай хуулиуд, тэдгээрийг хэрэгжүүлэх журмуудыг хүчингүй болгох талаар тусгажээ. 


Солонгосын хойгт дайсагнасан нөхцөл байдалтай байгаа энэ үед Пёньяны засаг захиргаа Сөүлийг “гол дайсан” хэмээн зарласны дараа ийм алхам хийсэн байна. Өнгөрсөн сард Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Сөүлтэй өрнүүлэх харилцаагаа дахин тодорхойлохыг санал болгожээ.

Холбоотой мэдээ