БАЯН-ӨЛГИЙ: Сурагчид уран бичлэгээр уралдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-02-06 15:30:20

Өлгий, 2024 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ,  Соёл, урлагийн газар, Нийтийн номын сан хамтран XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан сурагчдын дунд “Цагаан сар-2024” бийрэн бичлэгийн уралдаан зохион байгууллаа.   


Монгол туургатны утга соёл, оюун сэтгэлгээний бахархал, үндэсний билэг тэмдэг болсон үндэсний бичгийг залуу үед өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, үндэсний өв соёлоороо бахархах үзэл төлөвшүүлэх, хүүхэд залуучууд, иргэдийн монгол бичиг сурах сонирхлыг нь нэмэгдүүлэх зорилготой уг уралдаанд тус аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид оролцов.


Оролцогчид сэдвийн хүрээнд бийрээр чөлөөт бичвэрүүдийг уран гоё бичиж өрсөлдөв. Шүүгчид оролцогчдын бичгийн чадвар, зохиомж, сэтгэлгээг гол шалгуур болгон байр эзлүүлснээс Өлгий сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сурагч Ж.Гэрэлмаа тэргүүн байрт шалгарав. Мөн удаах байруудад Өлгий сумын 5 дугаар сургуулийн сурагч А.Хундыз, 2 дугаар сургуулийн сурагч б.Буян-Арвижих, М.Мөнгөнзаяа нар шалгарлаа.


Аймгийн Соёл, урлагийн газраас өгсөн мэдээллээр дээрх уралдааныг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулна. Мөн ирэх 5 дугаар сард болох "Үндэсний бичиг үсгийн баяр"-аар уран бичлэгийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаа ажээ. 





Холбоотой мэдээ