Хомо сапиенсууд 45 мянган жилийн өмнө Европт нүүдэллэн иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-02-02 17:06:25

БЕРЛИН, 2024 оны хоёрдугаар сарын 2 /DW/. Хомо сапиенсууд одоогоос 45 мянган жилийн өмнө Хойд Европ руу нүүдэллэн ирж, неандертальчуудыг мөхөх хүртэл хэдэн мянган жилийн турш зэрэгцэн амьдарч байсныг нотлох баримт Германы зүүн нутгаас олджээ.


Тодруулбал, олон улсын эрдэмтдийн баг Тюрингия мужийн Ранис гэдэг жижиг хотоос холгүй орших Ильзенхёле хэмээх агуйгаас Хомо сапиенс буюу оюун ухаант хүний чулуужсан ясны үлдэгдлийг олсон байна. Дуулиан тарьсан эл олдвор нь хомо сапиенсууд Европын төв ба баруун хойд нутагт урьд нь таамаглаж байснаас хамаагүй эрт суурьшсан болохыг харууллаа. Хомо сапиенсуудыг 40 мянга орчим жилийн өмнө Европт суурьшсан гэж үздэг байсан бөгөөд үүнээс өмнөх үед хамаарах ирлэсэн чулууг неандертальчуудтай холбоотой гэж үздэг байв. Харин одоо эрдэмтэд уг багаж хэрэгслийг хомо сапиенсууд хийсэн гэж үзэж байгаа бөгөөд тэд Европын газар нутагт неандертальчуудтай хамт 10 мянга орчим жилийн туршид амьдарч байжээ.


Тухайн үед тус бүс нутагт одоогийнхоос дунджаар 7-15 хэмээр хүйтэн байж. Тэгэхээр хүмүүс бүр эрт балар үеэс байгалийн хатуу ширүүн нөхцөлд дасан зохицож чаддаг байсан гэдэг нь тогтоогдож байгааг судалгаанд оролцсон Макс Планкийн хүрээлэнгийн антропологийн хувьслын хүрээлэнгийн (Max-Planck-Institut für evolutionäre Anthropologie, MPI-EVA) эрдэмтэд онцолж байна. 


Судлаачдын дүгнэснээр, амьтад болон хүмүүсийн аль аль нь агуйд хоргоддог, эртний хүмүүс зарим үед түр сууц болгон ашиглаж байжээ. Европын уг бүс нутагт олон тооны зэрлэг амьтдын сүрэг бэлчдэг байсан тул хомо сапиенсууд идэш хоол хайн нүүдэллэн ирсэн байж магадгүй гэж таамаглаж байна. Түүнчлэн тэр үеийн амьтдын шүдэнд хийсэн шинжилгээ нь тухайн бүс нутагт эх газрын маш хүйтэн уур амьсгал давамгайлж байсан бөгөөд өнөөгийн Сибирийн уур амьсгалтай зарим талаар төстэй байсныг баталлаа. 


Эрдэмтдийн судалгааны талаарх өгүүлэл “Nature”, “Nature Ecology and Evolution” сэтгүүлүүдэд нийтлэгдсэн байна.

Холбоотой мэдээ