АРХАНГАЙ: Ойн сангийн 61.675 га талбайд ойн хөнөөлт шавжтэй тэмцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-02-02 08:57:01

Эрдэнэбулган, 2024 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд ойн хөнөөлт шавж, өвчний судалгааны ажлыг 2023 онд ойн сан бүхий 14 сумын 510.0 мянган га талбайд Ойн газартай хамтран гүйцэтгэсэн байна.

 

Ойн хөнөөлт шавжийн тархалттай, голомттой талбайн хэмжээг багасгах, ойн байгалийн сэргэн ургалт, өсөлт, хөгжилтийг хангах зорилгоор тэмцлийн ажлыг 59.385 га талбайд хийхээр төлөвлөснөөс ажлын гүйцэтгэлээр 61.675 га талбайд зохион байгуулжээ.

 

Улсын төсвийн хөрөнгөөр ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг газраар үүргэн шүршигч багаж ашиглан химийн аргаар Батцэнгэл, Өлзийт сумын ойн санд 2000 га талбайд, авиа микробиологийн аргаар буюу онгоцоор Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Булган сумын ойн санд 40.000 га талбайд гүйцэтгүүлсэн байна.

 

Харин орон нутгийн төсвийн хөрөнгөөр Булган, Ихтамир, Жаргалант, Тариат, Цэнхэр, Цэцэрлэг, Хотонт, Чулуут сумын ойн санд 19.675 га талбайд тус ажлыг гүйцэтгүүлжээ.

 

Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг ойн мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрөлтэй долоон компани хийсэн байна. 

Холбоотой мэдээ