ГОВЬ-АЛТАЙ: Тайшир, Жаргаланд cум цагаан зудын байдалтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-01-11 15:16:55

Есөнбулаг 2024 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн нийт нутгийн 55 хувьд цасан бүрхүүл тогтсон тухай цаг уурын байгууллагаас мэдээлэв.



2024 оны нэгдүгээр сарын 10-ны байдлаар цасны зузаан тус аймгийн Хөхморьт, Шаргад 9 см, Баян-Уул, Жаргаланд 6 см, Тайширт 5 см, Цогтод 3 см, Халиун, Тоорой, Дэлгэрт 2 см, Бигэр, Гуулин, Цээлд 1 см, Тонхил, Төгрөг сумуудад 0 см зузаан цастай байгаа бөгөөд Говь-Алтай аймгийн нийт нутгийн 55 хувьд цасан бүрхүүл тогтжээ.


Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Тайшир, Жаргаланд cумд цасны дундаж зузаан 5-6 см, нягт 0.30-0.35 г/см3 цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн бол Шарга, Баян-Уул, Хөхморьтод цасны дундаж зузаан 6-9 см, нягт 0.17-0.21 г/см3 цагаанаар зудархуу байдалтай байна.


Одоогоор малын усан хангамж болон малын тарга хүч дунд зэрэг байгаа тухай холбогдох албанаас танилцууллаа.

Холбоотой мэдээ