БАЯН-ӨЛГИЙ: Зээгтийн давааны цасыг цэвэрлэж зорчих хөдөлгөөнийг нээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-01-10 11:56:23

Өлгий, 2024 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс өгсөн мэдээллээр өчигдөр тус аймгийн нутгаар хүчтэй салхи шуурсан.


Тодруулж хэлбэл, оройн 19.00 цагийн мэдээгээр Өлгий хот орчмоор салхины дундаж хурд 16 м/с, өрөвхий салхи 24 м/с хүрч шороон шуурга шуурав. Ногооннуур суманд 13 м/с, түр зуур 20 м/с, Дэлүүнд 13 м/с, түр зуур 17 м/с, Буянт, Сагсай сумын нутгаар 16 м/с, түр зуур 18 м/с, Толбо, Улаанхус, Цэнгэл сумдын нутгаар 6-12 м/с, түр зуур 14-16 м/с хүрч шороон шуурга, уул даваагаар цасан шуургатай байлаа.


Шуурганы улмаас улсын хил хүрэх Өлгий-Цагааннуур чиглэлийн авто Зээгтийн даваанд үзэгдэх орчин хязгаарлагдаж, авто замд хунгарласан цас тогтон тээврийн хэрэгслүүд саатсан.


Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор замын тухайн хэсгийг хариуцдаг "Жол" компанийн техникийн ажилчид шуурхай арга хэмжээ авч, хоёр авто ачигчаар замын цасыг цэвэрлэж, даваанд саатсан тээврийн хэрэгслүүдийг гаргасан байна. Албаны хүний өгсөн мэдээллээр одоо замын тухайн хэсэгт хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа аж. 

Холбоотой мэдээ