Зам тээврийн салбарын 94 үйлчилгээг цахимжууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. ЗТХЯ салбарынхаа нэгдсэн платформыг нээж, 94 үйлчилгээг бүрэн цахимжуулаад байна.
Ингэснээр иргэд,
аж ахуй нэгжүүдэд төрийн
үйлчилгээг шуурхай, нээлттэй, ил тод, хүнд сурталгүй хүргэдэг болсныг ЗТХ-ийн сайд С.Бямбацогт
тэмдэглэлээ.
Нэгдсэн
платформыг хөгжүүлэгч Интерактив ХХК-ийн Ерөнхий архитектор Б.Ууганбаяр,
төслийн менежер Х.Отгон-Эрдэнэ платформыг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар
танилцуулав. Тухайлбал,
автотээврийн хэрэгслийн гэрчилгээ олгох, дахин олгох, шинэчлэх, лавлагаа авах,
мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгох, хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр
зорчих тасалбар захиалах, хот хоорондын авто замын хураамж төлөх, салбарт олгож буй 21 тусгай зөвшөөрлийн хүсэлт
гаргах зэрэг үйлчилгээг зам, тээврийн салбарын цахим платформыг орон зай, цаг
хугацаанаас хамаарахгүй авах боломжийг бүрдүүлсэн байна.
Нэгдсэн платформтой болсноос цаасаар солилцдог байсан
статистик тоон мэдээллийг цахимаар, бодит цагийн (real-time) байдлаар нэгдсэн
платформоос ашиглах боломжтой. Мөн авто зам, автотээвэр, иргэний нисэх, төмөр
зам, далайн тээврийн салбарын 18 системтэй интеграци хийж, 156 датасет буюу
цахим өгөгдлийн бүрдлийг үүсгэн, 850 төрлийн өгөгдлийг real-time-аар бүртгэж,
салбарын статистик мэдээ цуглуулах, боловсруулах, нийтлэх, тайлагнах явцыг цахимжуулаад байна. Цаашид тасралтгүй сайжруулалт, хөгжүүлэлт хийхийг Интерактив ХХК-ийн төлөөллүүд онцолжээ.
ЗТХЯ нь 26
үйлчилгээг E-Mongolia цахим үйлчилгээний порталд оруулжээ.