БАЯНХОНГОР: Байдрагийн усан цахилгаан станцын ТЭЗҮ-г боловсруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-12-20 09:32:42

Баянхонгор, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Байдраг голд олон жилийн урсцын тохируулгатай ус нөөцлөх сан бүхий Усан цахилгаан станц байгуулах ажлын техник эдийн засгийн үндэслэлийг хийжээ.


Усан цахилгаан станцтай болсноор Баянхонгор аймаг усны сэргээгдэх, хямд эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангагдах боломжтой болохоос гадна усалгаатай газар тариалан хөгжих боломж бүрдэнэ. Мөн Байдраг гол болон Бөөнцагаан нуурын экологийн тулгамдсан асуудлууд шийдэгдэх чухал ач холбогдолтой төсөл юм.


Зураг төслөөр Лууны дүрстэй нуур үүсэх төлөвтэй тул Луут хэмээн нэрийдээд буй хиймэл нуурт 400 сая м.куб цэвэр ус хураах ба энэ нь ойролцоогоор Монголын нэг жилийн цэвэр усны хэрэгцээ юм. УЦС-д нөөцөлсөн усан сангийн усаар 3000-6000 га талбайг ямар ч цахилгаан энерги шаардахгүй зөвхөн усны өөрийн түрэлтээр бороожуулан ажилладаг услалтын системийг сэргээн байгуулж, газар тариалангийн үйлдвэрлэл, цаашлаад аялал жуулчлалын цогцолбор байгуулах боломжтой болох аж.


Байдрагийн голоос эх авдаг Бөөнцагаан нуур нь 1990-ээд оны дунд үед хамгийн их түвшиндээ хүрч улмаар уур амьсгалын өөрчлөлт дулааралт буюу ууршил нэмэгдсэн, хур тунадасны хэлбэр өөрчлөгдсөн, голын урсац багассан шалтгаанаар усны түвшин аажим буурсаар байна. Өөрөөр хэлбэл Бөөнцагаан нуурын усны түвшний энэхүү бууралт нь уур амьсгалын дулаарлаас голлон шалтгаалж нуурын үндсэн тэжээл болох Байдраг голын урсац багасан, нуураас уурших усны хэмжээ нэмэгдэн, нуурын усны тэнцэл алдагдсантай холбоотой гэж зарим судлаач хэлж байгаа юм. Усан цахилгаан станцтай болсноор усны хэмжээ нэмэгдэх олон давуу талууд бий болно хэмээн тооцжээ.


Усны нөөц сэргээгдэхийн бас нэгэн давуу тал загас жараахай элбэгшиж, хиймэл нууруудыг түшиглэсэн аялал жуулчлал хөгжих давуу талтай аж.

Холбоотой мэдээ