Алеппо хотын зүүн хэсгийг чөлөөлөх ажиллагаа эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-09-23 10:52:53

НҮБ. /ВВС/. Алеппо хотын зүүн хэсгийг босогчдоос чөлөөлөх цэргийн ажиллагаа эхэллээ гэж Сирийн цэргийнхэн мэдэгдэв. Тус хотын зүүн дүүргүүдэд 250 мянга орчим хүн бүслэлтэд ороод байгаа юм.

Долоо хоног үргэлжилсэн гал зогсоох тохиролцоо тасалдсаны дараа буюу өнгөрсөн лхагва гарагийн шөнө сөнөөгч онгоцууд босогчдын байрлалд агаараас цохилт өгч, наад зах нь 13 босогчийг устгажээ.

Энэ ажиллагаанд хуурай замын цэргүүд оролцох эсэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байна.

Тасалдаад буй гал зогсоох тохиролцоог сэргээх тухай хэлэлцээг АНУ, ОХУ хоёр Нью-Йорк хотноо эхлүүлсэн боловч амжилтгүй болжээ.

Сирид энхийг тогтоох хаалгыг АНУ ганцаараа нээлттэй байлгаж чадахгүй. ОХУ Сирийн Засгийн газарт шахалт үзүүлж, байлдааны онгоцнуудаа буудалд нь буулгахыг шаардах хэрэгтэй гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга мэдэгдсэн байна. Мөн тэрбээр, ОХУ-ын төлөөлөгчидтэй баасан гарагт зөвлөлдөнө гэв.

Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлэхдээ “Сирийн Засгийн газар ямар нэгэн алхам хийвэл гал зогсоох тохиролцоо хэрэгжинэ гэж зарим хүмүүс яриад байна. Гэтэл сөрөг хүчнийхэн мөн адил галаа зогсоох хэрэгтэй” гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ