Toyota: Европт нийлүүлэх цахилгаан автомашины загварын тоог нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-12-04 12:30:49

ТОКИО, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /Reuters/. Японы автомашин үйлдвэрлэгч Toyota Motor компани 2026 он гэхэд Европт нийлүүлэх цахилгаан автомашиныхаа загварын тоог зургаа болгож нэмэгдүүлнэ гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. Мөн онд тус тив дэх шинэ автомашины борлуулалтын 20 гаруй хувийг ийм машин эзлэх төлөвтэй байна. 


Өрсөлдөгч компаниуд нь урт хугацааны турш давамгайлсаар ирсэн Европын зах зээлд борлуулалтаа огцом нэмэгдүүлэхийг зорьж байгаатай холбоотойгоор 2026 он гэхэд тус тивд жил бүр цэнэг хураагуураар ажилладаг 250 мянга гаруй автомашин худалдаалахаар төлөвлөж байна гэж борлуулалтын хэмжээгээр дэлхийд тэргүүлэгч тус компанийн мэдэгдэлд дурджээ. 


Тодруулбал, Европт худалдаалагдаж буй болон зохион бүтээгдэж буй дөрвөн цахилгаан автомашин дээр нэмээд 2024 онд "Urban" бага оврын жийп, 2025 онд спорт загварын кроссовер гэсэн хоёр шинэ загварыг худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа ажээ. Toyota 2026 он гэхэд дэлхийн даяар жилд цэнэг хураагуураар ажилладаг 1.5 сая автомашин борлуулахыг зорьж байгаа юм.


Европын Холбооны /ЕХ/ орнуудад бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашины борлуулалт энэ оны эхний 10 сарын хугацаанд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 50 гаруй хувиар өссөн тухай Европын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос өнгөрсөн сард мэдээлсэн юм.


Toyota компанийн хувьд энэ оны 10 дугаар сар хүртэлх 10 сарын хугацаанд ЕХ-ны зах зээлд борлуулсан автомашины тоо хэмжээгээрээ тавдугаарт орсон бөгөөд нийт зах зээлийн 7 орчим хувийг эзэлсэн нь өмнөх оныхоос бага зэрэг буурсан үзүүлэлт болжээ.

Холбоотой мэдээ