БАЯНХОНГОР: Улсын аваргаа хоёр дахь жилдээ баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн харьяат, орон нутагтаа ажилладаг үсчин Б.Сэр-Од улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёр төрөлд хоёр алтан медаль, нийт дүнгээр Гран при шагналын эзэн болжээ.
Тэрбээр өмнөх жил тус тэмцээнд түрүүлсэн бөгөөд Монгол Улсын аварга үсчин болсон амжилтаа ийнхүү хоёр дахь удаагаа баталж байна.
Б.Сэр-Одыг үсчний мэргэжилд татан оруулсан хүн нь түүний төрсөн эгч Б.Ууганцэцэг бөгөөд 2019 онд "Дэлхийн үсчин, гоо засалчдын аварга шалгаруулах тэмцээн"-ээс мөнгөн медалийг эх орондоо авчирч байсан чадварлаг үсчин.
Өдгөө эгч дүүс Баянхонгор аймгийн төвд "Ууган баялаг" салоныг ажиллуулдаг байна.
Улаанбаатар хотод болсон Монгол Улсын Мастер үсчин, дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт, тивийн хошой аварга Н.Алтаншагайгийн нэрэмжит Үсчин гоо сайхан, хумс урлалын хоёрдугаар тэмцээнд Баянхонгор аймгаас зургаан үсчин, маникюрчин таван төрлөөр өрсөлдсөн байна.