“Бөөн баяр” улсын анхдугаар уралдаанд 60 цэцэрлэг, 40 сургуулийн хүүхдүүд оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-11-29 15:29:19

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат багш Л.Галмандахын 70 насны ойг тохиолдуулан Л.Галмандах сан, нийслэлийн Боловсролын газартай хамтран “Бөөн баяр” хүүхдийн дууны анхдугаар уралдааныг энэ сарын 28-30-нд зохион байгуулж байна.


Энэхүү уралдаан Л.Галмандахын хүүхдэд зориулан бүтээсэн 500 гаруй дууны бүтээлээр дамжуулан хүүхдийн дуулах авьяасыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, хөгжмийн багш суралцагчдын бүтээлч үйл ажиллагаа, хүүхэд багачуудын гоо зүй урлагийн боловсролыг дэмжих зорилготой.

Уралдаанд зориулж хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон тайз засалтыг мэргэжлийн зураачдаар бүтээлгэж, LED дэлгэц, фонограмм бичлэг ашиглахгүйгээр хөгжмийн багш нарын хөгжим тоглох, хүүхдэд дуу заах ур чадвар, шинийг эрэлхийлэх бүтээлч сэтгэлгээг түгээн дэлгэрүүлэх боломж олгож буйгаараа онцлог юм.

Тус уралдаан нь сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын дунд 4 насны ангиллаар гоцлол, цөөхүүл хоёр төрлөөр явуулж байна.

Уралдаанд нийслэл, орон нутгийн 60 орчим цэцэрлэг, 40 гаруй сургуулийн нийт 356   суралцагч оролцож авьяас чадвараа сорьж байна. Тухайлбал, Сэлэнгэ, Булган, Увс, Говь-Алтай, Төв, Өвөрхангай, Хэнтий, Говьсүмбэр аймгаас оролцож байгаа нь тус уралдааны ач холбогдол, цар хүрээг илтгэж байгаа юм.

“Бөөн баяр” хүүхдийн дууны анхдугаар уралдааны шагналтнуудын гала тоглолт Монголын Хүүхдийн ордонд энэ сарын 30-нд болно.

Энэхүү уралдааныг Хэнтий аймгийн нутгийн зөвлөл, Сүү хувьцаат компани, Голомт капитал үнэт цаасны компани дэмжин ажиллаж байна.



Холбоотой мэдээ