БАЯНХОНГОР: Сурагчид санаачилгаа ажил хэрэг болгох санхүүжилт авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол экологийн төвөөс зохион байгуулсан "Teen шийдэл" төслийн уралдаанд Баянхонгор аймгийн лаборатори Номундалай цогцолбор сургуулийн Эко клубийн сурагчид шилдгээр шалгарч 9.672.000 төгрөгийн санхүүжилт авчээ.
Тодруулбал, тус багийнхан "Сургуулийн орчин дахь хүнсний хог хаягдлыг чийгийн улаан ашиглан дахин боловсруулж компост бордоо үйлдвэрлэх нь" төслөөрөө 21 аймаг есөн дүүргийн сурагчдаас эхний шатандаа шилдэг 10-т шалгарсан бөгөөд төслийн эцсийн шалгаруулалтад тэнцэн ийнхүү санхүүжилт авч чадсан байна.
Youth Sustainability Corps - Залуучуудын Тогтвортой Хөгжлийн Корпус хөтөлбөрийн хүрээнд 15-18 насны ахлах ангийн сурагчдын дунд хоёр дахь удаагаа болж буй "Teen шийдэл" бичил төслийн уралдаанд Монгол орны өнцөг булан бүрээс өсвөрийн манлайлагч 650 гаруй сурагчаас нийт 185 шийдэл илгээсэн байна. Тус уралдаан амьдарч буй орон нутаг, өсвөр үе залууст тулгарч буй асуудлыг шийдэх шийдлийг сурагчид боловсруулж, санаагаа илэрхийлэх, санаачилгаа ажил хэрэг болгохыг дэмжих зорилготой.
Бичил төслийн уралдаанд шалгарч байгальд ээлтэй шийдлээ хэрэгжүүлэх санхүүжилтээ авч чадсан Баянхонгор аймгийн сурагчдын тухайд уралдаанд оролцогчдын хамгийн залуу баг бөгөөд Номундалай сургуулийн есдүгээр ангийн сурагчид юм.