Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан соёлын төвтэй болох хэтийн зорилгоо илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Гванжу, БНСУ, 2023 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяа БНСУ-ын Азийн соёлын төвийн захирал И Канхюн (Lee Kanghyun)-тай 11 дүгээр сарын 23-нд уулзав.
Хоёр байгууллага
урт, богино хугацаанд хамтран ажиллах боломжтойг Цагаатгах ажлыг удирдан зохион
байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяа тэмдэглээд, “Гванжу, Чэжү хотод хэлмэгдэгсдийг
хэрхэн цагаатгаж, дахин ийм хэрэг гаргахгүйн тулд хойч үеийнхэндээ танин мэдүүлж,
соён гэгээрүүлж байгаа нь ач холбогдолтой юм. Бид хэлмэгдэгсдийн дурсгалд
зориулсан, хүмүүс цугладаг, хүүхэд залуус ирж өнждөг, соёлын төвтэй болох
хэтийн зорилго бий. Харин богино
хугацаандаа гэвэл, 6 дугаар сарын нэгэнд болдог Эх үрсийн баяраар Солонгос
ээжүүдийн найрал дууны алдартай чуулгыг Монголд тоглуулах сонирхолтой байна. Мөн
хэлмэгдүүлэлттэй холбоотой олон контент хийдэг ч түгээх нь бэрхшээлтэй байдаг. Контентоо
түгээхэд та бүхний дэмжлэг хэрэгтэй байна” хэмээв.
Азийн уламжлалт
язгуур урлаг, хөгжмийн янз бүрийн зэмсгээс бүрдсэн тоглолтуудыг оркестрын
хэмжээнд хөгжүүлэх чиглэлээр харилцаа холбоо тогтоох, олон улсын чуулга уулзалт
зэрэг томоохон үйл ажиллагаанд тоглуулах зорилготойгоо Ли
Канг-Хён захирал дурдаад,
Азийн соёлын төв цаашид бүс нутгийн улс орнуудад байгаа үнэт өвүүдийг хамгаалахад
анхаарахаа онцоллоо.
Тэрбээр, “Бид
оюун санаа, ухамсар, түүхийн ижилсэл, уялдаа холбоотой ард түмэн. Үүгээрээ
дамжуулан хамтдаа хөгжих санаа бий. Илүү утга учиртай, ижилсэлд ойр зүйл санал
болговол нягталж үзээд хамтран ажиллах боломжтой. Бид түүхийн ижил төстэй
хэлмэгдүүлэлтийг давж, хохирогсдыг цагаатган, олон ажил хийж байгаа талаар санаа
бодлоо хуваалцах боломжтой. Азийн соёлын төвийн энэ газарт 43 жилийн өмнө ард
түмэн тэмцэл өрнүүлж байсан 4 байшинг хэвээр нь түүхэн дурсгалт газар болгон
авч үлдсэн. Эргэн тойрны талбайг нь цэцэрлэгт хүрээлэн болгож, газар доогуур
соёлын үзэсгэлэнгийн талбай байгуулсан нь ардчиллын ариун газар гэсэн утга
илэрхийлж байгаа юм” гээд, Солонгос ээжүүдийн найрал дууны чуулгын тоглолтыг
үзсэн хүний сэтгэл маш их хөдөлж нулимс дуслуулдаг юм. Гол дүрүүдийн биеийн
байдал, боломж зэргийг харгалзаж үзээд, Монголд тоглуулбал, ардчиллын үнэ
цэнийг ойлгуулахад үр дүнтэй байх болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.