Соёлоор дамжуулан иргэдээ соён гэгээрүүлэхийг зорьж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Гванжу, БНСУ, 2023 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Зүүн хойд Азийн бүс нутагт улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн хоёр орны нэг нь Монгол Улс билээ. Улс төрийн хэлмэгдүүлэлт нь Ардын хувьсгал мандсан 1921 оноос эхлэн, 1937-1939 онд оргилдоо хүрч, 1990 оны ардчилсан хувьсгал ялах хүртэл үргэлжилсэн юм. Энэ түүхийн бодит үнэнийг хойч үедээ зөв ойлгуулж тайлбарлах, дахин ийм хэлмэгдүүлэлт гаргахгүйн тулд соёлоор дамжуулан ард иргэдээ соён гэгээрүүлэхийг Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс зорьж байна.
Их хэлмэгдүүлэлтийн үед олон мянган хүнийг хоморголон хөнөөж, эрүүл мэндийг нь хохироосноос гадна шашин, соёлын арвин өвөө устгуулсан байдаг. Иймд хэлмэгдэгсдийг цагаатган, нэг удаагийн тэтгэмж олгоод өнгөрөх бус бодит үнэнийг танин мэдүүлж, соён гэгээрүүлэх туршлага судлан, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтын ажиллагаа өрнүүлэхээр Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс дарга С.Одонтуяагаар ахлуулсан баг БНСУ-ын Гванжу хотод ажиллаж, 11 дүгээр сарын 23-нд Гванжу хотын дарга Ган Ги Жунгтай уулзав.
Гванжу хотын
дарга Канг Жи Жунг, 2004
оноос хойш Монголд хэд хэдэн удаа,
хамгийн сүүлд мод тарихаар 20-иод хүний бүрэлдэхүүнтэй очиж, байгалийн
үзэсгэлэнт Тэрэлжид амарсан тухайгаа өгүүлэн уулзалтыг эхлүүллээ. Энэ ажлаа цаашид
ч үргэлжлүүлэх зорилготой, Улаанбаатарынхаа гишүүдтэй харилцаагаа улам
өргөжүүлж байгаагаа дурдаад, “Гванжу байгаль орчин, эрүүл мэнд, аялал жуулчлалын
салбарт хамтран ажиллах сонирхолтой”-гоо тодотгосон юм.
Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяа, БНСУ-ын Гванжу хотын оюутнуудын 1980 онд
өрнүүлсэн тэмцлийг хүчээр дарсан эмгэнэлт хэргийг төр засаг нь алдаатай бодлого
байсан хэмээн хүлээн зөвшөөрч, түүхээ ил тод танин мэдүүлэх, хэлмэгдүүлэлтийг
давтахгүйн төлөө олон зүйл хийснийг нь хараад талархах сэтгэгдэл төрснөө илэрхийлэв.
Тэрбээр, энэ
асуудлыг сонирхон, туршлага судалж буйгаа дурдаад, “Нэг намын тогтолцоотой
байсан Монгол Улсад 1990 онд ардчилсан хувьсгал ялж, Үндсэн хуулиараа хүний
эрхийг дээдлэн тунхагласан төрт улстай болсон. Цагаатгах ажлыг удирдан зохион
байгуулах комиссыг ч үүнтэй зэрэгцэн байгуулснаар Монголын ардчилалтай нас
чацуу буюу 33 жил боллоо. Гванжу хоттой олон талаар хамтран ажиллах суралцах сонирхолтой.
Соёл, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахад итгэл төгс байна. БНСУ-ын
алдартай жүжигчид Монголд өнгөрсөн зун зочилсон нэвтрүүлэг олон хүнд хүрсэн
билээ. Үүний нэг адилаар Гванжугийн хэлмэгдүүлэлтийн тухай өгүүлсэн “Taxi
driver” кино ч Монголын телевизийн
кино санд бий. Эрх чөлөөний төлөө тэмцсэн залуусын тухай киног үзээд бахархдаг
юм. Киноны гол дүрийн жүжигчин Сун Ган Ху Монголд зочилвол үзэгчид баярлах
болно. Мөн Гванжу хотын ээжүүдийн алдартай чуулгын концертыг Монголд тоглуулах
сонирхолтой байна. Учир нь бид эх орондоо хэлмэгдүүлэлтийг дахин давтахгүйн тулд
соёлоор дамжуулан түүхээ танин мэдүүлэх эрмэлзэлтэй байгаа. Монгол Улсын их
хэмэгдүүлэлтийн үед хүн амын 10 хувийг хөнөөхдөө 80 хувийг цаазалж, мянгаад
дуган, хийдийг устгасан байдаг. Энэ түүхийн нэг хэсэг болсон соёлын хэлмэгдүүлэлтийн
талаар Гванжу хотод үзэсгэлэнгээ нээж байна. Энэ нь нэг хотын яриа бус даян
дэлхийд энх тайван оршихын тухай тул хоёр орны, хоёр байгууллагын ажлыг дэмжихийг
хүсэж байна” хэмээлээ.
Гванжу хотын
дарга хариулахдаа, “Taxi driver” киноны гол дүрийн жүжигчинг бодит хүнийх нь хамт Монголд зочлуулах
бодол төрлөө. Таны хэлсэн саналуудыг дэмжин, танай байгууллагатай хамтран
ажиллах сонирхолтой байна. Кино наадам хийж, ээжүүдийн чуулгыг Монголд авч очин,
ардчилал, хүний эрхийн тухай ярилцъя. Хэлмэгдүүлэлтийг дахин гаргахгүйн төлөө бид маш их зүйл хийдэг гэдгээ онцлоод, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, олон ажлыг
хамтдаа санаачилъя хэмээснээр энэ удаагийн уулзалт өндөрлөв.