ЗАВХАН: Зарим амьтдын нөөцийг тогтоогоогүй байхад ашиглах дээд хэмжээг баталсан зөрчил илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-11-16 17:18:41

Улиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Тус аймаг дахь Төрийн аудитын газраас үйл ажиллагааны үндсэн чиг үүргийнхээ хүрээнд байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд аудит хийсэн үнэлгээг олон нийтэд мэдээлэв.


Аудитаар байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин, төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилт шаардлагын хэмжээнд хүрээгүй, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийгээгүй.


Нөхцөл байдалд тохирох арга хэмжээ авч ажиллаагүй, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийн бүрдүүлэлт, зарцуулалт хууль, журмын дагуу хэрэгжээгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна.


Тодруулбал ургамал болон зарим амьтдын нөөцийг тогтоогоогүй байхад ашиглах дээд хэмжээг баталсан зөрчил илэрсэн байна. 


Аймгийн ИТХ нь ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг журамд заасан хугацаанд сум бүрээр тогтоосон. Харин 2021 онд  агнах, барих амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг мөн оны 8 дугаар сарын 17-нд, 2022 онд ахуйн зориулалттай агнах, барих амьтан, үйлдвэрийн зориулалтаар түүж бэлтгэх ургамлын дээд хязгаарыг мөн оны 11 дүгээр сарын 18-нд сум бүрээр тогтоож журамд заасан хугацааг хоцроосон байна. 


Түүнчлэн 2022 онд тусгай төлбөртэй агнах, барих амьтны дээд хязгаарыг сум бүрээр тогтоогоогүй байна.



Байгалийн ургамал, ан амьтан, ойн нөөцийг ашиглах зөвшөөрлийг хууль тогтоомжийн дагуу олгосон, үйлдвэрлэл үйлчилгээний болон рашаан-эмчилгээ, сувилгааны зориулалттай усыг зөвшөөрөлгүй ашигласан байна. Шонхроос бусад ан амьтны нөөц ашигласны төлбөрийг үндэслэлгүй төлөвлөжээ.


Төлбөрийн орлогыг хуульд заасан хувь хэмжээний дагуу төлөвлөөгүй, 172.4 сая төгрөгийн төсөвт өртөгтэй менежментийн төлөвлөгөөнд тусгагдаагүй 21 арга хэмжээг зарцуулахаар төлөвлөж батлуулсан байна.


Мөн төлбөрийн орлогоос хуульд заасан хувь хэмжээгээр байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хяналт тавих арга хэмжээнд зарцуулаагүй, батлагдсан төсвийн 16.4 хувийг зориулалтын дагуу зарцуулаагүй байна.


Түүнчлэн www.eic.mn цахим системд 22 сумын Засаг дарга мэдээллийг бодит байдлаас зөрүүтэй тайлагнаж, Асгат, Ургамал сумын Засаг дарга нар байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төсөв, зардлын мэдээллийг оруулаагүй байна. 


Харин Завхан аймгийн Байгаль орчны газар нь байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээний хэрэгжилт, төлбөрийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт шинжилгээ хийж үр дагаврыг үнэлээгүй байна.


Нутгийн өөрөө удирдах байгууллагаас энэ хуулийн хэрэгжилтэд хяналт хийж, үр дүнг тооцоогүй байна гэсэн аудитын дүгнэлтийг гаргалаа гэж Завхан аймаг дахь Төрийн аудитын газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ