Анкара болон Истанбул хотод “Хурдан” цэгийн үйл ажиллагааг нэвтрүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэх зорилгоор Монгол Улсаас Турк Улсад суугаа Элчин сайдын яам болон Истанбул хот дахь Ерөнхий консулын газарт цахим үйлчилгээний “Хурдан” цэгийн үйл ажиллагааг нэвтрүүллээ.
Ингэснээр Турк Улсад ажиллаж амьдарч буй 6 мянга гаруй монгол иргэн төрийн 39 байгууллагын 461 төрлийн үйлчилгээ, үүнээс 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүйгээр хурдан шуурхай авах боломж бүрдэж байна.
Тус яамнаас төрийн үйлчилгээний төрөл тоог нэмэгдүүлж, энэ онд 55 байгууллагын 800 орчим үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний “Хурдан" цэгээр дамжуулан хүргэхээр ажиллаж байгаа ба цаашид 30 гаруй Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан төрийн үйлчилгээг тэдгээр улсад суугаа иргэддээ хүргэх аж.
Өнөөдрийн байдлаар төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг Монгол Улсын хэмжээнд 126 цэгт нээсэн бол энэхүү 2 цэг үйл ажиллагаагаа эхлүүлснээр хилийн чанадад нээсэн 14 дэх улсын 18 дахь цэг болж байна.