Малчид байгальд ээлтэй, үйлдвэрлэлд сөрөг нөлөөгүй ноолуур бэлтгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-11-13 17:50:34

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Аливаа үйлдвэрлэлийн түүхий эд нь хүн, байгальд хор нөлөөгүй, хэрэглэгчдэд элдэв сөрөг нөлөөгүй байх ёстой. Улмаар үйлдвэрлэлийн шат дамжлага бүрд ил тод байдлыг хангасан байх шаардлагыг дэлхий нийтэд тавьж байна.


Текстилийн буюу хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ийм шалгууруудыг тавих болсныг Монголын Ноос, ноолуурын холбооны менежер Э.Анхгэрэл “Шангри-Ла” зочид буудалд болсон “Тогтвортой ноолуурын өдөр-2023” үйл ажиллагааны үеэр танилцууллаа.


Тэрбээр, текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн тогтолцооны стандарт нь байгалийн нөөцийг зохистой хэрэглэсэн байх ёстой. Өнөөдөр манай улсын ноолууран бүтээгдэхүүн эхлээд Монгол Улсын MNS стандартад нийцсэн байдлаар тохирлын гэрчилгээ авч, улмаар цааш Монголын гарал үүсэлтэй гэсэн “Монголын Хаан ширхэгт” бүтээгдэхүүний гэрчилгээний шаардлага болзлыг хангаснаар экспортод гарна гэдгийг хэллээ.


Манай улсын ноолууран бүтээгдэхүүн дээрх шаардлагуудыг хэр ханган биелүүлж байна вэ? Энэ асуултыг сэтгүүлчид өнөөдрийн үйл ажиллагаанд оролцогч үйлдвэрлэгч, түүхий эд нийлүүлэгч хоршоо, малчдад их тавьж байв.


Бидний уулзсан Дорнод аймгийн Цагаан-Уул сумын “Дорнодын галуут” хоршооны төлөөлөгч А.Мөнхтуяа болон ноолуурын “Говь-Эрдэнэ” үйлдвэрийн дарга Э.Болортуяа нар малчид түүхий эдийг байгальд ээлтэй, үйлдвэрлэлд тохирсон стандартын дагуу бэлтгэж буйг хэллээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс манай улсад хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслийн хүрээнд малчдыг түүхий эд бэлтгэлд сургаж байгаа нь үүнд ихээхэн хувь нэмэр болж буйг дээрх хүмүүс санал нэг хэлж байв.


“Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслийг хэрэгжүүлж буй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска хэлэхдээ, мал аж ахуй болон текстилийн үйлдвэрлэлийн байгаль орчны нөлөөг бууруулж нүүрсхүчлийн хийн ялгарлыг багасгах, ногоон эдийн засаг руу шилжих зорилт юм. Энэ хэсэгт Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг баримтлах тэргүүлэх бодлого, олон улсын гэрээ хэлэлцээр, тэдгээрийн хэрэгжилт болон тулгамдаж буй асуудлын талаар бид харилцан ярилцаж мэдээлэл солилцлоо. Дэлхийн тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний зах зээлийн чиг хандлага нь байгальд ээлтэй байдлаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг чухалчилж байна. Энэ хүрээнд Монгол Улсад авч хэрэгжүүлж буй санал санаачилга, үйл ажиллагаа чухал юм гэдгийг онцоллоо.


Тэрбээр, Монгол Улсын хувьд ноолуур чухал түүхий эд гэдгийг ойлгож байгаа. Эдийн засгаа төрөлжүүлэхэд ноолуурын салбарын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжлийн шаардлага, олон улсын стандартад нийцүүлэх учиртай. Энэ салбараас аж амьдрал шалтгаалдаг олон хүний эрх ашгийг  хамгаалахын сацуу байгаль орчноо ч хамгаалах шаардлагатай. Мөн ноолуурын салбарын үйлдвэрлэл нь бэлчээрийн даац хэтэрсэн байдалд хүргэдэг байж болохгүй гэсэн юм. 



"Түүхий эдийг зохистой бэлдэж буй сургалтад хамрагдсан малчдыг сертификатжуулж, бүртгэдэг. Улмаар QR коджуулж байна. Ингэснээр малчид элдэв хог, шороо, тоос, хялгасгүй, цэвэр ноолуур нийлүүлэх болсон. Энэ нь кодоор гарч ирж байгаа. Манайх өнөөдөр Говь-Алтай, Архангай, Хөвсгөл аймгийн ийм 300 гаруй малчинтай хамтран ажиллаж байна. Үйлдвэрлэл талаасаа бид Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах хог хаягдлын менежментийг нэвтрүүлснээр ноолууран утсаа дахин боловсруулж бүтээгдэхүүн хийж байна. Үйлдвэрлэлийн хог хаягдлаа 20 хувиар бууруулсан" хэмээн “Говь-Эрдэнэ” үйлдвэрийн дарга Э.Болортуяа хэлсэн юм. Эднийх БНСУ, БНХАУ, ОХУ, Норвеги, Бельги зэрэг улсад бүтээгдэхүүнээ гаргаж байна.


Уур амьсгалын “Ногоон сан”-гийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд өнөөдөр ийнхүү түүхий эд нийлүүлэгч малчид, хоршоод, нөгөө талаас ноолуур худалдан авч буй үйлдвэрлэгчид, салбарын судлаачдын төлөөллийн хэлэлцсэн зүйл нь Монголын ноолуурын үйлдвэрлэл, бүтээгдэхүүнийг тогтвортой болгох талаар байв. Үүнд дээр дурдсанчлан түүхий эд, үйлдвэрлэлийн чанар, стандартыг хангасан шаардлагад төвлөрч байв.


Тогтвортой ноос, ноолуур эвслийн үндэсний зохицуулагч С.Вандандорж:

-Өнөөдөр манай улсад ноолуурын стандарт, чанарыг хангахын тулд үйлдвэрлэлийн, хэрэглэгчийн, тухайн брэндийн гэх мэтчлэн олон шаардлага дор бүрдээ тавигдаж байна. Үүнийг бид ноолуурын салбарт мөрдлөн мөшгих тогтолцоо, стандартыг мөрдүүлэн ажиллаж байна гэв.


Европын холбооны Худалдаа, аж үйлдвэрийн танхимын захирал Клаартже Гернбурге, Монгол Улс эхлээд ноолуур бэлтгэл, үйлдвэрлэл дээр өөрийн гэсэн мөшгих тогтолцоог нэвтрүүлээд баталгаажуулах шаардлагатай байна. Ингэснээр сая экспортод гарах боломжтой. Европын холбооноос ийм л шаардлагыг тавьж байгаа хэмээв.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Б.Даваадалай, өнөөдрийн үйл ажиллагаагаар манай улсад нэг талаар нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нөгөө талаар тэр нь тогтвортой үйлдвэрлэл байх талаар олон талын оролцоотой хэлэлцэж, туршлагаа хуваалцаж байна. Манай улсад ХАА-н салбарыг шинэчлэх томоохон тогтолцооны өөрчлөлт хийх шаардлага тулгарсан. Үүнд ноолуурын салбар ногоон хөгжлийг нэвтрүүлэхэд тэргүүлж байна. Үүнийг дэлхийд бүтээгдэхүүнээ гаргаж буй ноолуурын хувийн хэвшлийн олон үйлдвэрээс харж болно гэв. 


Холбоотой мэдээ