Тоон системийн радио станцыг өдөр тутамдаа нэвтрүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-10 10:08:21

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хүч хэрэгслийг дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэх, хор уршгийг арилгах үйл ажиллагааг шуурхай удирдлага, зохион байгуулалтаар хангахад удирдлагын найдвартай, тасралтгүй холбоо зохион байгуулалт хамгийн чухал.


Онцгой байдлын байгууллагын хэмжээнд байнгын болон гамшиг, аюулт үзэгдлийн үед бие бүрэлдэхүүн, удирдлагыг холбоогоор хангах гол хэрэгсэл нь радио холбоо юм. Энэ хүрээнд нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, салбар нэгжүүдийг холбосон тоон системийн радио станцыг үе шаттайгаар нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж эхэлжээ.


ОБЕГ-аас нийслэлийн зургаан дүүргийн газар нутгийн төв хэсгийг хамарсан тоон системийн дахин дамжуулах станцыг суурилуулж, мэдээлэл солилцох суурь дэд бүтцийг байгуулан, дуудлага, мэдээллийг нэгдсэн удирдлагаар хангах боломжийг бүрдүүлсэн байна.


Цаашид тоон радио холбооны удирдлага хяналтын системийг бүрэн нэвтрүүлснээр гамшиг, аюулт үзэгдэл, ослын голомтод хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг бүх төрлийн хэлбэрээр шуурхай дамжуулах, хүн, хүч хэрэгслийн байршлыг хянах ач холбогдолтойг албаныхан онцоллоо. 


Холбоотой мэдээ