БНХАУ-тай шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-11-06 12:12:37

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Шинжлэх ухааны академиийн “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд байгуулсан ANSO /Alliance of Internatioanal Science Organizations/ буюу Олон улсын шинжлэх ухааны байгууллагуудын холбооны анхдугаар хурал БНХАУ-ын Бээжин хотноо болж байна.


Энэхүү хуралд дэлхийн 70 гаруй орны Шинжлэх ухааны сайд нар болон төлөөлөгчид оролцож байгаа юм. Хурлын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн сайд Юен Хэжүнтэй уулзан хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд хоёр улсын шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хэд хэдэн ажил хэрэгжүүлнэ. Үүнд:

 1.Монгол Улсад шинжлэх ухааны парк байгуулах, хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, 

-БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яамны Шинжлэх ухааны паркуудын захиргаа болох “Галт бамбар” байгууллага, Бээжин хот дахь Чанчуны хүрээлэн/(Great Wall Enterprise Institute/, ӨМӨЗО-ы Шинжлэх ухаан, технологийн академитай Монгол Улсын Шинжлэх ухааны паркийн захиргааг хамтран ажиллуулах, Шинжлэх ухааны парк байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулах, 

 2.“Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хоёр орны хамтарсан лабораториудыг Монгол Улсад байгуулах,

-Ахисан түвшний судлаач бэлтгэх, залуу судлаач нарын хүний нөөцийн солилцооны хүрээнд Шинжлэх ухаан, дээд боловсролын байгууллагуудыг хамтран ажиллуулах гэрээ байгуулах.

-Орчин үед судалгааны их сургуулийг сургалт, судалгаа хослуулах замаар шинжлэх ухаан-боловсролын нэгдлийг хангаж, оновчтой, мэдлэг, инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, дамжуулалт, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, түгээн дэлгэрүүлэлтийг үндсэн чиг үүрэг болгох

 3.Монгол Улсад хэрэгжүүлж буй UMAS төслийн хүрээнд Хятадын Шинжлэх ухааны Академийн Их сургууль /UMAS/ Монгол Улсын ШУА-тай хамтран ажиллах гэрээ байгуулж цаашид хамтран ажиллах,

 4.Хятад-Монголын хамтарсан судалгааны төслийн тоо, санхүүжилтийг нэмэгдүүлэх, 

-Энэ хүрээнд Засгийн газар хоорондын болон Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн сан, Хятадын байгалийн шинжлэх ухааны сан хоорондын төслийн тоог нэмэгдүүлэх.

-Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сан болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шинжлэх ухаан, технологийн танхим хооронд хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, 

5.Технологи дамжуулах, нутагшуулах үйл ажиллагааг хөгжүүлэх, Хятадын төрийн өмчит байгууллагуудыг түшиглэсэн шинжлэх ухаан, технологийн парк, хамтын оффист Монгол Улсын гарааны компанийг бойжуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр ярилцав. 


Мөн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн холбоог хангах чиглэлд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, гарааны бизнесийг дэмжин хөгжүүлэх, “Бүс ба зам” санаачилгын хүрээнд Олон улсын сэргээгдэх шинэ эрчим хүчний судалгааны хүрээлэн, технологийн хамтарсан сургууль байгуулах зэрэг өргөн хүрээнд нээлттэй ярилцаж, хамтран ажиллахаар боллоо гэж БШУЯ мэдээлэв.




Холбоотой мэдээ