Сэлбэ дэд төвд тулгуурлан гэр хорооллыг орон сууцжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-11-01 14:15:54

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Нийслэлийн гэр хороололд 220 мянга орчим айл өрх амьдарч байна. Иймд гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг зургаан дэд төвийн бүтээн байгуулалтад тулгуурлан хэрэгжүүлэх юм.


Эхний ээлжид Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтэц, авто зам, инженерийн барилга байгууламжийн ажил дууссан бөгөөд Баянхошуу дэд төвийн барилга угсралтын хүрээнд эхний 800 айлын орон сууцыг 2024 онд ашиглалтад оруулна. Сэлбэ дэд төвийн тухайд 158 га газрын 2000 нэгж талбар дахь айлуудын газрыг чөлөөлөхөөр төлөвлөөд байгаа.


Газрыг чөлөөлөхдөө иргэдтэй тохиролцох гурван зохицуулалтыг хуулийн төсөлд тусгаад байна. Тодруулбал, иргэд газраа жишиг үнээр буюу бэлэн мөнгөөр худалдах, түр орон сууцанд орж, дараа нь тухайн байршилд барьсан орон сууцыг өмчлөх, мөн бэлэн орон сууцаар газар, объектоо солих боломжтойгоор тусгаад байна. Эдгээр 2000 айлын газрыг чөлөөлж 12 мянган айлын, нам давхрын, дундаа ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнтэй, иж бүрэн орон сууцны цогцолбор хорооллыг босгох боломжтой. Ингэхдээ 60 хувь нь ногоон байгууламж, авто зогсоол, тоглоомын талбай, 40 хувь нь орон сууц байна.


Сэлбэ дэд төвийн 12 мянган айлын орон сууц боссоноор газар эзэмшиж байсан 2000 айл нь орон сууцандаа ороод, 10 мянган айлын орон сууцанд Хайлааст, Чингэлтэй, Таван буудал, Дарь эх орчмын айлыг оруулах боломжтой. Тус барилга байгууламжийн цогцолбор бүхий 158 га талбайг орон сууцжуулснаар Сэлбэ орчмыг усны урсацын тохируулга бүхий далан шуудуутай болгох аж. Мөн СУИС, эрүүл мэндийн болон төрийн томоохон байгууллагуудыг эдгээр орон сууцны хороолол дунд цогц байдлаар төлөвлөх боломжтой. Ингэснээр ажлын байр нэмж, ядуурлаас гарах боломж бүхий төсөл гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар онцолсныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.

 

Холбоотой мэдээ