Дорнод аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-10-30 10:02:31

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Матад сумын төвөөс зүүн хойд зүгт 129 км зайд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Газар хөдлөлт урд шөнө Улаанбаатарын 00.12 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.


Үүний өмнө Матад сумын төвөөс зүүн хойд зүгт 140 км зайд 10 дугаар сарын 24-нд 4.5 магнитуд, энэ сарын 23-нд мөн сумын төвөөс зүүн хойд зүгт 138 км зайд 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм.

 

Газар хөдлөлтийн хүчийг хоёр төрлийн хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдлөлт болж байгаа төв хэсгийг хэмжиж буй үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр буюу хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг аж.


Ташрамд мэдээлэхэд, дэлхийн гадаргын хуваагдсан хавтангуудын харилцан үйлчлэлийн дүнд ямар нэгэн цэгт хуримтлагдсан энерги сейсмик долгионд шилжин чөлөөлөгдөж газрын гадаргуугаар тархах үзэгдлийг газар хөдлөлт гэдэг. Дэлхийн гадаргуу 20 салангид хавтангаас тогтдог бөгөөд эдгээр нь нэгэндээ түлхэлт үзүүлж байдаг аж.

Холбоотой мэдээ