Барилгын материалын 40 хувь нь чанарын шаардлага хангахгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-10-27 16:27:00

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. БХБЯ-ны мэдээллээр манай улсын барилгын салбарт импортын бүтээгдэхүүн 67 хувийг эзэлж байгаагаас өнөөдөр барилгын зах зээлд худалдаж буй барилгын материалын 40 хувь нь стандартын шаардлага хангахгүй, чанаргүй материалууд байна.



Энэ талаар өнөөдөр болсон “Импортын барилгын материалын стандарт” хэлэлцүүлэг дээр “Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөл” ТББ-аас мэдээллээ. Тус байгууллагын тэргүүн Г.Батсүх хэлэхдээ, "Барилгын материалыг эрсдэл өндөртэй бүтээгдэхүүний ангилалд оруулах хэрэгтэй байна. Ингэснээр хяналт, шалгалттай болно. Барилгын материалын хяналт өнөөдөр худалдаж буй газраа ч тэр, барилгад хэрэглэж байхдаа ч тэр, барилгын зураг төсөл дээр ч тэр, Улсын комисс хүлээн авахад ч тэр, хаана хаанаа сул байна. Чанаргүй материал ашигласны төлөө хэн ч хариуцлага хүлээхгүй байна. Аливаа эрсдэл гарч нурах юм уу, гал түймэр гарлаа гэхэд эцсийн эцэст барилгын эзэн л ганцаараа хариуцлагад унадаг. Энэ байдалд цэг тавих ёстой"-г онцлов.


Барилгын материалыг улсын хилээр оруулж ирэхэд гаалийн лаборатор шалгаж, чанарын шаардлага хангахгүй материалыг нэвтрүүлэхгүй байх бол дотооддоо үүнийг Барилгын хөгжлийн төв хариуцан хянаж ажиллах талаар Шадар сайд С.Амарсайхан мэдэгдлээ.


Тэрбээр, “Сүүлийн үед суурьшлын бүсийн хүн амын дунд шалтгаангүйгээр бие сульдах, тавгүйрхэх зовуурь нийтлэг илрэх болсон. Үүнийг мэргэжилтнүүд хар тугалга агуулсан барилгын материалтай холбон тайлбарлаж байгаа. Энэ бол импортын барилгын материалд стандарт, хэм хэмжээг чанд баримтлах нь үндэсний аюулгүй байдалд холбогдох нэн тулгамдсан асуудлын нотолгоо болж байна” гэв. Импортоор орж ирж байгаа чанар стандартын шаардлага хангахгүй барилгын материалыг улсын хилээр оруулж ирэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Шадар сайдын тушаалаар ажлын баг байгуулжээ.


Монгол Улсын Шадар сайдын ажлын алба болон Стандарт, хэмжил зүйн газраас хамтран зохион байгуулсан “Импортын барилгын материалын стандарт” хэлэлцүүлэгт БХБЯ, Гаалийн ерөнхий газар, ОБЕГ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Барилгын хөгжлийн төв, ШӨХТГ, Төрийн худалдан авах ажиллагааны газар, МҮХАҮТ, тус танхимын дэргэдэх Барилгын зөвлөлийн төлөөлөл оролцлоо.


 

Холбоотой мэдээ